Үйл явдал1 мин унших
Хүүхэд залуусаа сонсдог төр хүчирхэг байдаг

"Өсвөрийн парламент 2025" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд оролцлоо. Өсвөр үеийнхний хөгжил, парламентын оролцоог дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрийг УИХ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын скаутын холбоо хамтран 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Нийт 600 орчим сурагч хөтөлбөрт хамрагджээ.
Энэ жил “Сургуулийн орчин дахь ус, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуй, хүртээмж” сэдвийн хүрээнд нөлөөллийн ажлаар 600 сургууль, цэцэрлэгийн хүүхдэд 546 удаагийн танхимын уулзалт, сургалтыг зохион байгуулж, нийт 54 мянга орчим хүүхэд хамруулсан байна.
Сурагч дүү нартаа дуулгахад ирэх 7 хоногт УИХ хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой тулгамдсан асуудал, тэдгээрийг зохицуулахад шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байгаа.
Өмнө нь батлагдсан хүүхдийн хөгжил, эрхийн асуудалтай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилт хөрсөн дээр бууж ажил болохгүй байгаа асуудлыг ч авч хэлэлцэнэ.
Цаашид үүнийг уламжлал болгож жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийг УИХ хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг болгохоор төлөвлөж байна.
Шинэ үеийн ухаалаг, мэдлэг боловсролтой хүүхэд залуусаа харахад бахархалтай сайхан санагддаг. УИХ-ын чуулгантай танилцахаар орж ирсэн хүүхэд залуустаа би нэг зүйлийг захиж хэлдэг юм. Энэ үгээ энд хэлье. “Эх орны маань ирээдүй та бүхний гарт байгаа шүү”



