Онцлох мэдээ2 мин унших
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөж, улмаар монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн, донтсон хүнд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал орхигдсон. Мөн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн, тодорхой зохицуулаагүйгээс далд нууц, зүй бус эргэлтийн эрсдэлт байдал ихэссэн. Улсын хэмжээнд 2017-2025 онд ийм төрлийн гэмт хэрэг нийт 2100 бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон. Тэдний талаас дээш хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар өсжээ.
Сүүлийн 8 жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Иймд хуулийн төсөлд Донтох эмгэгийн сэргээн засах төв байгуулж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан бий болгохоор тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс хяналт тавих бодлого, механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бүрдүүлнэ гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





