Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: ААН-үүдийг чиглэсэн төрийн хяналт шалгалтын үйл явцыг уг хуулиар яаж хөнгөвчлөх вэ?
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах асуултыг Засгийн газарт тавилаа.
Нэг. Бизнесийн эрх чөлөө гэж ямар ойлголт, ухагдахуунуудыг хэлэх юм, шалгуур үзүүлэлтүүд, оноо байдаг уу? Жишээлбэл, бизнесийн эрх чөлөөний индекс ч юмуу, үүн дотроо ийм дэд үзүүлэлттэй болох, төрийн зүгээс энэ үзүүлэлтийг бууруулахад нөлөөлж буй ийм хүчин зүйлс байгаа учраас хулиа өөрчилж, засаж байна гэдэг мэдээлэл байна уу?
Хоёр. Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан юм байна. Өргөдлийн байнгын хороон дээр маш олон хүн байр захиалгын залингийн хохирогч болсон асуудлыг хэлэлцсэн. Барилгын салбарт хэчнээн янзын зөвшөөрөл, баримт бичигт өөрчлөлт орох вэ? Миний дурдсан асуудалд ямар өөрчлөлт орох вэ?
Гурав. Бизнес эрх чөлөөний хуулийн 3.1.5 дээр төрийн цахим үйлчилгээ ил тод, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй байж бизнес эрхлэгчээс мэдээллийг нэг удаа авах нөхцөлийг бүрдүүлсэн заалтад талархаж байна. Энэ үзүүлэлтүүдээ яаж хэмжих вэ? Юугаар тодорхойлох вэ? 3.1.6 дээр бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээнд суурилсан, давхардалгүй, ил тод, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ гэжээ. Энэ нь одоо байгаа хяналт шалгалтад ямар ахиц өөрчлөлт авчрах вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





