Үйл явдал1 мин унших
ТББХ: ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
ҮХЦ-ийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчдээс Цэцийн хараат бус байдал, Үндсэн хуулийн цэцийн тухай болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага, мөн Үндсэн хуулийг сахин хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллах талаар гишүүд тодруулга авлаа. Улмаар Байнгын хорооны гишүүд нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг олонхын саналаар дэмжив.
Мөн хуралдаанаар УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

