Үйл явдал2 мин унших

Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцлээ

Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцлээ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 6 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаар захирамжаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Наранбаатар, Ц.Туваан, А.Ундраа, Б.Уянга, Б.Мөнхсоёл, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, зөвшөөрөл олголт, ил тод байдал, орон нутгийн оролцоо, байгаль орчны хамгаалалт, татвар, төлбөрийн тогтолцоог илүү тодорхой болгох, иргэн, аж ахуйн нэгжид илүү ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, орон нутагт ногдох үр өгөөж, төсвийн орлого, хариуцлагатай уул уурхайг бүрдүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 50 санал бэлтгэсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал, Э.Болормаа, М.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа, Г.Ганбаатар нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн ахлагч, мэргэжилтнүүдээс хариулт, мэдээлэл авав. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт төслийн талаарх зарчмын зөрүүтэй 50 саналаарх санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлэснээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009