Үйл явдал3 мин унших
ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.06.24/-ийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХТГ-ын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулав. Нэр дэвшигчдийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилохыг гишүүдийн олонх буюу 75 хувийн саналаар дэмжив.
Үргэлжлүүлэн Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж, үүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулах шаардлага тулгарсан тул энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
Мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Гэр бүлийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ,Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлахыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлахыг гишүүдийн олонх дэмжлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилготой боловсруулсан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Үргэлжлүүлэн зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний цалингийн хэмжээ, нэмэгдлийг УИХ тогтооно гэж заасны дагуу дээрх хоёр байгууллагаас ирүүлсэн саналын дагуу дээрх УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тогтоолын төслийг дэмжиж шийдвэрлэв.
Хуралдааны төгсгөлд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний комиссын 2027 оны төсвийн төслийн талаар хэлэлцэв.



