Үйл явдал1 мин унших
Нээлттэй парламент таны оролцоо, таны хяналтыг бодит болгов

УИХ-ын хаврын ээлжит чуулган 79 өдрийн турш эрчтэй, дэвшилттэй, ажил хэрэгч хуралдаж өнөөдөр хаалтаа хийлээ.Нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодитой харуулсан чуулган байлаа.
Гишүүдийн ажил хэрэгч, бүтээмжтэй байдал нэмэгдэж, идэвх оролцоо сайжирч, Улсын Их Хурал илүү нээлттэй, ИРГЭДЭЭ СОНСДОГ, ИРГЭНДЭЭ ОЙР байх чухал алхам хийв.
Иргэний хяналтыг Улсын Их Хуралд бодитоор бий болгох зорилгоор чуулганы хуралдааны ирцийг “бодит цагийн горим”-д шилжүүлж, хариуцлага тооцох эрх мэдлийг иргэдийнхээ гарт атгуулав.
И-Монгол цахим системд “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” цэс нэмж, энэ сувгаар дамжуулан Улсын Их Хурал иргэдээсээ санал авах амьд шугамтай болов.
Ингэж иргэдээ сонсдог болсноор Улсын Их Хурал баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, иргэн, аж ахуйн нэгжид дарамт болж буй хуулийг шуурхай мэдэрч, хурдан засах боломж бүрдэж байна. Амьдралд нийцэхгүй байгаа хуулиудыг цаг алдалгүй засдаг, ТӨР ТӨВТЭЙ БУС, ХҮН ТӨВТЭЙ хууль баталдаг байх нь НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ын үнэт зүйл юм.
