Онцлох мэдээ1 мин унших
2026 оны хаврын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн 41 хууль, тогтоомж батлагдлаа

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 ажлын өдөр хуралдаж, өнөөдөр ийнхүү завсарлалаа. Энэ удаагийн чуулганаар УИХ-ын нэгдсэн хуралдаан 35 удаа, байнгын хороо 122 удаа хуралдаж, нийт 263 асуудал хэлэлцжээ. Мөн энэ хугацаанд өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 73 хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлсний 41 нь Улсын Их Хурлын гишүүд санаачилсан байна.

Үүний дотор УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачлан боловсруулсан “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төслийг батлуулснаар иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчих эрхийг хангах, бичил тээврийн хэрэгслээр зорчигчийн эрх, үүрэг, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг тодорхой болгосныг онцолж байна.

УИХ-ын гишүүн П.Батчимэг хэлэхдээ “Дундаж давхарга”-аа хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ татварын дарамтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Дулаан хангамжийн тухай хуулиудыг гишүүдтэйгээ хамтран өргөн барьж, зарим хуулиуд нь энэ чуулганы хугацаанд батлагдаж чадсан"-ыг онцлов.


