Үйл явдал2 мин унших
Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдана

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн хамт олонтойгоо БНСУ-ын Үндэсний Хавдрын Төв (National Cancer Center)-д ажиллаж, тус төвийн захирал, доктор, профессор Хан Кван Янтай уулзлаа.
Монгол Улсад байгуулахаар төлөвлөж буй Хавдар судлалын үндэсний төв II-ыг зөвхөн эмнэлгийн барилга бус, БНСУ-ын Үндэсний Хавдрын Төвийн жишгээр эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, үндэсний хавдрын бодлого, хавдрын бүртгэл, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, олон улсын хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн үндэсний хэмжээний цогц тогтолцоо болгон хөгжүүлэх зорилготой билээ.
Иргэд зөвхөн эмчилгээ аваад зогсохгүй, хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний технологи, эмнэлзүйн судалгаа, хүний нөөцийн сургалт, үндэсний хавдрын бодлого зэрэг бүх чиглэл нэг удирдлага, нэг тогтолцооны хүрээнд хөгжих боломж бүрдэнэ гэсэн үг.
БНСУ-ын Үндэсний хавдрын төвтэй хамтын ажиллагааны эхлэл нь 2012 онд тавигдсан түүхтэй. Тухайн үед байгуулсан Санамж бичиг нь Монголын хавдар судлалын салбарын хүний нөөц бэлтгэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, шинэ технологи, эмчилгээний арга нэвтрүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны бат бөх суурь нь болж байв.
14 жилийн дараа энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, шинэчилсэн Санамж бичигт ирэх долдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсад гарын үсэг зурах гэж байна.
Уг хамтын ажиллагаа нь Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, иргэд эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэх, цаашлаад Хавдар судлалын үндэсний төв-II-ийн хөгжлийн суурийг хамтдаа тавьж буй түүхэн алхам болно.
Бидний зорилго бол Монгол хүн эх орондоо дэлхийн жишигт нийцсэн хавдрын тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх явдал юм.