Онцлох мэдээ2 мин унших
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ХЭЛТЭСТ АЖИЛЛАВ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүний хувьд Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө за гэвэл заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэст очиж ажиллав.
Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, ГБХНХЯ-ны ТНБД А.Даваажаргал, зөвлөх Г.Саран, ТЗУГ-ын дарга Б.Идэр, Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул нар хамт оролцлоо. 2025 оны 1-р сараас эхлэн ажиллаж эхэлсэн Гэр бүлийн нийгмийн ажилтнуудынхаа санал хүсэлт болон ажиллаж буй нөхцөл байдлыг биечлэн сонсов. Хүүхэд хамгааллын төлөө цаг наргүй ажиллаж байгаа ажилчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын багаж хэрэгслийг сайжруулах, хүүхэд хамгааллын зардлаас хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хангах талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг тотвортой санхүүжилтээр хангах, аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг автомашинтай болгохоор хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа салбарынхандаа мөн танилцууллаа.
2026 он гарсаар Баянзүрх дүүрэгт нийт 1307 дуудлага 108 тоот утсанд ирсэн байна. Үүнээс 954 дуудлагыг шийдвэрлэж, 270 дуудлага нь хяналтад байгаа гэдгийг салбарын удирдлага мэдээлэв. Гэр бүлийн нийгмийн ажилтнуудад ажлын нөхцөл нь эрсдэлт нөхцөлд байдаг учир гэнэтийн ослын даатгалд хамрагдах зайлшгүй шаардлага үүсдэг, мөн салбарын мэргэшиж буй хүний нөөцөө хадгалах үүднээс салбарын албан хаагчдыг төрийн албан хаагчийн авдаг 3 эсвэл 5 жил тутам дахь мөнгөн тэтгэмжтэй болгож өгөхийг албан хаагчид онцолж байлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



