Үйл явдал1 мин унших
Говийн ирээдүйг Олон улсын ногоон санаачилгатай холбох боломж

COP17-ын хүрээнд Саудын Арабын “Ойрх Дорнодын Ногоон Санаачилга” (Middle East Green Initiative)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ибрахим Алтуркитэй уулзаж, Монгол Улсын цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
Ойрх Дорнодын цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү санаачилга нь улс орнуудыг хамарсан, төрийн түвшний засаглалын бүтэцтэй олон улсын томоохон санаачилга юм. MGI-ийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх, санхүүжилттэй холбох боломжуудыг бий болгосон байна.
Монгол Улс, тэр дундаа говийн бүс нутаг маань цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол зэрэг зовлонг туулж байгаа энэ үед ийм олон улсын санаачилга Монгол Улсад ирж, хамтын ажиллагааны боломжийг ярилцаж байгаа нь бидний хувьд давуу тал гэж харж байна.
Ялангуяа Өмнөговийн онцлогт тохирсон газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, гангийн эрсдэлийг урьдчилан бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хамтын ажиллагаа, техник технологи, санхүүжилтийн боломжтой холбох хэрэгтэй.
Манай Улс энэхүү санаачилгад оролцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд ярьж, ажил хэрэг болгох боломжийг цаашид судлах нь зүйтэй.
Монгол-Саудын Арабын парламентын бүлгийн даргын хувьд миний бие энэ удаагийн COP17-г зөвхөн хурал, уулзалтаар хязгаарлахгүй, Өмнөговь болон говийн бүсийн гол асуудлыг олон улсын боломж, туршлага, хамтын ажиллагаатай холбох гарц болгохыг зорьж байна.



