Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: ТӨК-ийн ноогдол ашгаар орлогоо санхүүжүүлье гэж байгаа юм байна. Цаашид дэлхийн зах зээл дээр уул уурхайн салбар уналтад орвол яах вэ!
УИХ-ын чуулганы /2026.09.07/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал байр сууриа илэрхийллээ:
1,5 их наядын буурах орлогоо ТӨК-удын ноогдол ашгаар 100% санхүүжүүлэх гэж байгаа юм байна. Зардлынхаа дунд нэг ёсондоо хөрвүүлэлт хийлгээд ойролцоогоор 1,7 их наяд төгрөгийг нийслэлийн орон зайнаас зардлаа шилжүүлж байна. Иймэрхүү маягаар төсвийн тодотгол том зургаараа орж ирлээ. Бүгдээрээ нэг зүйлийг анзаараарай. Төсөв орж ирж байна уу, төсвийн тодотгол орж ирж байна уу. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 оны 6 сарын 24-нд батлагдсанаасаа хойш 22 удаа өөрчлөгдсөн байдаг. Өнөөдөр төсвийн тогтвортой байдлыг УИХ биш яг үнэндээ ЗГ тодорхойлж байна. . Өөрсдийнхөө хүрээнд төсөв оруулж ирэхдээ төсвийн тогтвортой байдлын зарчмаа тэр чигээр нь өөрчлөөд л оруулаад ирж байгаа.
Энэ удаа өөрчилж оруулж ирэхдээ суурь тэнцэл гэсэн буруу концептыг засаад ороод ирсэн байна. Тэр бол сайн хэрэг. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий 2%-аас илүүгүй байна гэдгийг оруулж ирсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджаас хэтрэхгүй гэдэг зөв заалтууд оруулаад иржээ. Гэхдээ анхаарах ёстой зүйл бол урсгал зардлаа ДНБ-ий 30%-аас багагүй байна гэдгээ авсан байна.
Дунд хугацааны төсвийн төсөөлөл 3 сар дотор өөрчилж болохгүй гэсэн нэг ёсондоо хязгааруудаа авчихсан байна. Үүн дээр УИХ өөрөө бодох хэрэгтэй. Үнэхээр төсвийн тогтвортой байдлыг цааш авч явъя гэж байгаа юм бол ЗГ болгон төсвөө барихдаа ингээд өөрчлөөд байх юм бол энэ чинь ямар тогтвортой байдал байх вэ дээ. Үүнийг том зургаараа заавал авч үзэх ёстой. 2 дугаарт ТӨК-ийн ноогдол ашгаар 1,5 их наядаар ямар ч байсан буурах орлогоо санхүүжүүлье гэж байгаа юм байна. Ноогдол ашиг гэдэг бол тухайн жил цэвэр ашигтай ажилласан тохиолдолд гарч ирдэг нөхцөлтэй орлого. Хэрвээ эдийн засаг унаад манайх шиг уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг дээр цэвэр ашиггүй гарах тохиолдол их гарна. Тэр үед урсгал зардал санхүүжүүлчихсэн бол яах вэ. Үүнийгээ урт хугацаандаа бодох хэрэгтэй.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


