Онцлох мэдээ3 мин унших
Төсөв бол тоогоор илэрхийлэгдэх иргэдийн амьдралд гарах бодит өөрчлөлт байх ёстой!

УИХ-ын гишүүний хамгийн чухал үндсэн чиг үүрэг бол иргэд, аж ахуйн нэгжийн төлсөн татвараас бүрдэх төсвийн хөрөнгийг үр ашигтай, шударга хуваарилах, гүйцэтгэлд нь хяналт тавих. Энэ бол парламентын засаглалын амин сүнс юм. Иймээс төсөв боловсруулахад тойргийн иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тусгаж, дүүргийн хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг дэмжин ажиллалаа.
Ирэх оны Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг танилцуулж байна.
Эдгээр ажил 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.Төсөв бол тоогоор илэрхийлэгдэх иргэдийн амьдралд гарах бодит өөрчлөлт байх ёстой. Иргэдийнхээ саналыг ажил хэрэг болгож, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнд хүргэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.






2027 оны төсвийн онцлох зохицуулалт:
-Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй. Энэ хэмжээгээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.
-2026 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн суурь тэтгэвэр 2027 онд бүтэн жилээр олгогдож, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж, ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болон нэмэгдэж, үүнд 171 мянган иргэн хамрагдана. Мөн асаргааны тэтгэмж нэмэгдэнэ.
-2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамрагдана.
-Даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийг Эрүүл мэндийн сангаас 100 хувь хөнгөлнө.
-Ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж, 16 мянган иргэнд орон сууцны санхүүжилт олгоно.
- 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна.
-Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бизнес эрхлэгчид ахмад настныг ажиллуулбал нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
-Төрийн банкаар дамжуулан 300 сая хүртэлх ам.долларыг олон улсын зах зээлээс татаж, уг эх үүсвэрээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
-“Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд 2027 онд 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Улсын хэмжээнд нийт 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр баригдана.
-Эрчим хүчний хараат байдлаас гарах бодлогын хүрээнд 800 мвт шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болно. Ирэх онд 338 км хатуу хучилттай шинэ авто зам баригдана.
-Эко өрхийг бодлогоор дэмжиж, гал түлдэггүй, утаа гаргадаггүй, яндангүй, жорлонгүй гэр хорооллын өрхүүдэд амины орон сууцад ногоон зээл олгож, хүүгийн татааст 25 тэрбум төгрөг олгоно.
-2027 оны 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүрийн ард аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, ажлын байр бий болж, үндэсний компаниуд ажилтай, орлоготой байх, орлого нь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
