#Тойрог2 мин унших
Ц.Сандаг-Очир: Багануурын барилгын салбарын 46 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэе

Одоохон...
#Тойрог2 мин унших

Нүүрэнтэйн хөндийд анхны вагон сууц буусан тэр өдрөөс өнөөдрийн Багануур хүртэл 46 жилийн бүтээн байгуулалтын түүх үргэлжилжээ.
1978 оны 3 дугаар сарын 1-нд шинэ хот байгуулахаар ирсэн барилгачид 20 вагон сууц, гурван жижиг байшинд байрлан ажлаа эхлүүлж байв.
Тэр үед энд өнөөдрийнх шиг орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, инженерийн дэд бүтэц бүхий хот байсангүй.
Харин их уурхайгаа түшиглэн шинэ хот байгуулах их бүтээн байгуулалт эхэлж байсан цаг үе юм.
Барилгачид, инженерүүд, техникийн ажилтнуудын хөдөлмөрөөр орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний төвүүд бий болж, цахилгаан, дулаан, ус хангамж, авто болон төмөр замын дэд бүтэц тавигдан, Нүүрэнтэйн хөндийд хүмүүсийн амьдрал цогцолсон шинэ хот бий болсон билээ.
1978 онд Багануур хороо байгуулагдаж, 1980 онд район болон өргөжсөн нь уурхай дагасан түр суурин бус, өөрийн гэсэн хотын амьдрал, бүтэц, хөгжилтэй шинэ төв болон төлөвшсөний илэрхийлэл байлаа.
Уурхай тэлэхийн хэрээр Багануур ч тэлсэн.
Анх жилд 300 мянган тонн нүүрс олборлох хүчин чадлаас эхэлсэн уурхай жил бүр өссөөр 1989 он гэхэд 4 сая тонн нүүрс олборлох хүчин чадалд хүрч байв.
Ингэж л их уурхай, их бүтээн байгуулалт, шинэ хот-Багануурын хөгжил хамтдаа өрнөсөн түүхтэй.
Өнөөдөр бид бүхний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, зам талбай, дулаан, цахилгаан, усны шугам бүрийн цаана нэгэн үеийнхний бүтээсэн үнэ цэн бий.
Тиймээс Багануурын барилгын салбарын 46 жил бол зөвхөн барилга барьсан он жилүүд биш.
Харин нэгэн хотыг бий болгож, хүмүүсийн цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүтээсэн их бүтээн байгуулалтын 46 жилийн түүх юм.
Энэ их ажлын эхлэлийг тавьсан ахмад барилгачид, инженер, техникийн ажилтнуудад өнөөдөр /2026.09.11 төрийн одон, медаль гардуулж хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн нь энэ жилийн ойн баярын утга учиртай мөчүүдийн нэг байлаа.
Багануурын барилгын салбарын 46 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэе.
Энэ сайхан хотыг бүтээлцсэн үе үеийн барилгачид, инженерүүд, бүтээн байгуулагчдадаа баярлалаа.
Багануур минь улам сайхан хөгжин цэцэглэг. Бүтээн байгуулалтын үйлс бүхэн өөдөө байг.