Ярилцлага6 мин унших
Ц.Мөнхтуяа: Ерөнхий сайд хэлсэн болохоор л тэр сургуулийн нэрийг оруулсан байж таарна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Та өнөөгийн төрийн бодлого, иргэдийн амьдралын бодит нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Миний анзаарч байгаагаар манай төрийн бодлого нэг их том том, гоё, чихэнд чимэгтэй зорилго, зорилтууд дэвшүүлдэг. Гэхдээ хөрсөн дээрээ бууж, ард иргэдийн амьдралд очиж буй нь үнэхээр бага байна. Наалдаж байгаа юм байхгүй. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хэцүү болж байна. Инфляци өсөж байна. Тэгээд ийм байхад бид “Их сайн ажиллаж байна, Монгол Улс их сайхан хөгжиж байна” гэж ярих ямар ч боломж алга.
-Тэгвэл 2026 оны төсвийн тодотголын асуудлаар таны байр суурь ямар байгаа вэ. Ээлжит бус чуулган зарлаад төсвийн тодотголоо хэлэлцэж байна?
-Ерөнхийдөө Засгийн газар УИХ-ын баталсан тогтоол, шийдвэрээ хэрэгжүүлэх ёстой. УИХ-ын тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилтыг биелүүлэхээр оруулж ирээгүй тул энэ удаагийн Төсвийн тодотголыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсвийн тодотголыг энэ хэвээр нь дэмжих боломжгүй. Миний зүгээс энэ бол зөвхөн багшийн цалингийн асуудал биш юм. Хүмүүс “Энэ Мөнхтуяа зөвхөн багшийн цалин яриад байна” гэж буруу ойлгодог. Энэ бол УИХ өөрийн баталсан шийдвэрээ өөрөө хэрэгжүүлэх эсэх тухай зарчмын асуудал ярьж байгаа юм. УИХ чуулганаараа баталчихсан. Баталсан хуулиа эргүүлээд өөрсдөө буруутгаад, үгүйсгээд байх юм. Үүнийг би хувьдаа гайхдаг.
-УИХ ямар шийдвэрийг баталсан гэж та хэлж байна вэ?
-2025 оны тавдугаар сарын 29-нд Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг УИХ баталсан. Батлахдаа багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг тэргүүн ээлжинд сайжруулна гэж заасан. Үүнээс зургаан сарын дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын 109 дүгээр тогтоолоор энэ зорилтыг улам тодорхой болгож, 2026 онд багшийн үндсэн цалинг 2.8 сая төгрөгөөс доошгүй түвшинд хүргэнэ гэж баталсан. Гэвч өнөөдөр 2.8 сая болсон уу, болоогүй юу гэж асуухаар Ерөнхий сайд нь ч тэр, Сангийн сайд нь ч тэр миний асуултад бүрэн хариулаагүй. Чуулган дээр мөн уг зорилгын санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Засгийн газарт даалгасан. УИХ өөрийн баталсан 2.8 сая төгрөгийн зорилгоо хэрэгжүүлэх юм уу, хэрэгжүүлэхгүй юм уу гэдгийг л би асуугаад байгаа юм.
Төсвийн тодотгол бол УИХ-аас шинээр баталсан бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгах боломж гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр үүгээр асуудал дуусахгүй. Дахиад бид 2027 оны улсын төсөв хэлэлцэнэ. УИХ баталсан таван жилийн үндсэн чиглэлээр багшийн үндсэн цалинг цаашид улсын дундаж нэрлэсэн цалингаас доошгүй түвшинд хүргэх зорилт тавьсан байгаа. Ер нь 2026 оны 2.8 сая төгрөгийн зорилтоо өнөөдөр хэрэгжүүлж чадаагүй байгаа хүмүүс 2027 оны зорилтоо маргааш яаж хэрэгжүүлэх юм.
-Тэгэхээр хөгжлийн бодлого, улсын төсөв хоёр уялдах ёстой гэж та үзэж байна уу?
-Тийм. Энэ хөгжлийн бодлого нь нэг тийшээ хараад, улсын төсөв нь нөгөө тийшээ явж болохгүй. Тиймээс би УИХ-ын эрхэм гишүүддээ уриалмаар байна. Энэ орж ирж байгаа төсвийн тодотголыг баталж болохгүй гэж би хэлмээр байна. Засгийн газрын төсөв парламентын баталсан бодлогод нийцэх ёстой. Гэтэл Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан юм шиг ийм байдалтай биднийг загнаад сууж байна шүү дээ.
-Төсвийн тодотголыг дэмжихгүй байх таны байр суурь хууль, дэгийн ямар зохицуулалтад үндэслэж байгаа вэ?
-Дэгийн тухай хуулийн 70.5-д төсвийн төсөл холбогдох хууль болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэхээр санал хураахаар заасан байгаа. Дэгийн тухай хуульдаа 70.7-д энэ санал хураалтыг олонх дэмжээгүй бол төслийг хуульд нийцүүлэн дахин өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт буцаахаар зохицуулсан. Цагаан дээр хараар бичсэн энэ зохицуулалт нь байж байна. Тиймээс би энэ төсвийн тодотголыг дэмжихгүй. УИХ-ын эрхэм гишүүддээ ч бас уриалж байна. Ийм байж болохгүй.
-Ерөнхий сайд Н.Учралын ээжийн сургууль 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал авах хүсэлтээ Боловсролын яаманд өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Зарим гишүүд энэ баримтыг харсан гэж хэлсэн. Та ч амралтын өдөр цахим хуудастаа энэ талаар бичсэн байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Өргөдлийн байнгын хорооны хурлаар яг тэр баримтыг би хараагүй. Ингээд хүмүүс яриад эхэлсэн. Асуудал шуугиад эхэлсэн, тийм үү. Тэгэхээр нь би өөрөө бас ухаж үзлээ. Тэр файл нь нэлээн ухуулж байж гарч ирж байна лээ. Шууд дараад ороход бол харагдахгүй. Файл нь нээгдэнэ, гэхдээ тэр сургуулийн нэр байхгүй. Ингээд ухаж байгаад гаргаад олж авангуутаа харсан. Улмаар өөрийнхөө фэйсбүүк, сошиал сувгаар мэдээлэл өгсөн байгаа.
-Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд “Худлаа баримт байна, Excel файлаар миний нэр төрд халдаж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Сангийн яамнаас ирсэн мэдээллийг бидэнд Байнгын хороон дээр Viber-аар явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр файлыг нь гэсэн үг. Ер нь тэр файл дээр Ерөнхий сайдын сургуулийг хэн оруулсан юм. Яамныхан дураараа тэгж Ерөнхий сайдын сургуулийг оруулах уу. Тийм юм байхгүй шүү дээ. Сангийн сайд нь бас хэвлэлд яриа өгөхдөө “Би мэдэхгүй, мэдээгүй байсан” гэж хэлсэн. Угтаа Сангийн сайд энэ төсвийг боловсруулаад оруулж ирж байгаа биз дээ. Гэтэл миний харснаар Ерөнхий сайдтай хамааралтай тэр сургуулийнх нь нэр бүр байж байгаа байхгүй юу. Ерөнхий сайд хийсэн болоод л тэр нэр орсон байгаа. Тэрнээс яамныхан дураараа очоод тэр сургуулийн нэрийг оруулаагүй байх. Би бол тэгж бодож байна.
-Уг асуудал дээр Ерөнхий сайд яг ямар хариуцлага хүлээх ёстой гэж та гишүүнийхээ хувьд харж байна вэ?
-Бид УИХ-ын гишүүн болохдоо төрийн хууль дээр алгаараа дарж, тангараг өргөдөг. Тэгээд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэж. Гэтэл энэ өөрөө авлига, ашиг сонирхлын зөрчил мөн үү, мөн. Тийм учраас одоо тэр хууль хяналтынхан нь энийгээ шалгаад тогтоох л хэрэгтэй. Би хуульч биш. Шалгадаг хүмүүс нь шалгана байх. Нотлох баримт бол байгаа.
-Танай бүлгийн ажлын албаны дарга Ерөнхий сайдад шаардлага тавиад байгаа. Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, огцрохгүй бол суулт зарлана гэсэн байр суурь илэрхийлсэн. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Тийм. Ерөнхий сайдыг одоо “огцор оо, огцрохгүй бол...” гээд суулт зарлаад байгаа. Дэмжиж байгаа. Ер нь бол хэрвээ хүн өөрөө л буруу зүйл хийгээд, хэрэг хийсэн бол тэрийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Шударгаар явуул. Эрх баригчид өөрсдийгөө хэнд ч захирагдахгүй, бараг л ингээд нуун дарагдуулаад өнгөрнө гэж бодож байвал, эндүүрэл шүү. Би хэлээд байгаа. “Газрын хууль нь чадахгүй бол тэнгэрийн хууль гэсгээнэ шүү” гэж. Үнэн шүү. Ер нь бол ийм муухай шуналтай, ийм ичих нүүргүй байж болохгүй. Бусад гишүүд энэ асуудлыг мэдэж л байгаа. Харамсалтай нь өнөөдөр хэн ч ярихгүй байна. Надаас хэн ч асуугаагүй. Энэ утгаараа ихэнх гишүүд энэхүү асуудлыг сонирхохгүй байна уу, чимээгүй байна уу гэдгийг гайхаж байна. Шууд хэлэхэд, бүгдээрээ бүлх залгичихсан юм шиг л сууж байгаа шүү дээ.
Э.МӨНХТҮВШИН
