#Шилэн хууль3 мин унших
Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн хяналтыг сайжруулах боломж нээгдлээ

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг /2026.10.02/-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар баталлаа.
Хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, засаглалыг бэхжүүлэх энэхүү конвенцод 58 улс нэгдэн орсон байдаг байна.
Энэхүү конвенц нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81 дүгээр конвенцын нэгэн адил “Засаглалын конвенц” гэж тодорхойлогддог байна. Тус конвенцод газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт зэрэг үйл ажиллагаа хамаарах аж.
Улсын хэмжээнд 531.5 мянган хүн албан бус хөдөмөр эрхэлж байгаагаас 337 мянга буюу 63.4 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байна. Иймд энэ салбарын ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч шаардлагатай байна.
Энэхүү конвенц нь хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад үйлдвэр, худалдааны салбарт хэрэглэгддэг нийтлэг хяналтын арга барилаас гадна салбарын онцлогт тохирсон хөдөлмөрийн хяналтын зохицуулалтын хэм хэмжээг тогтоосон байдаг аж.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах хяналтын тогтолцоог олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бэхжүүлж, салбарын онцлогт тохирсон хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэх ач холбогдолтой аж.
Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинж чанар болон ажлын байрны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналтыг төлөвшүүлэх юм байна. Ажил олгогч, ажилтанд хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн байцаагчийг тогтвортой ажиллуулах, төрийн болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурласан үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой аж.

Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн хяналтын тогтолцоо нь Монгол Улсын уламжлалт мал аж ахуйн салбар дахь хөдөлмөрийн харилцаанд тохирох эсэхийг, хөдөлмөр эрхэлж буй иргэдээс гадна өөрсдөө аж ахуйгаа эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн хяналтыг хэрхэн хамруулах талаар тодруулсан гишүүнд тодруулан асууж байлаа.

Салбарын сайд Т.Аубакир хариулахдаа “Нэн тэргүүнд энэ конвенцод нэгдсэнээр манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүд зохистой хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдэг агуулгаараа экспортод ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн салбарын мэргэшсэн байцаагч нь зөвлөн туслах үйлчилгээ, дэмжлэг үзүүлж ажиллах юм. Хөдөлмөрийн харилцаа тогтмол шинэчлэгддэг онцлогтой. Өөрийн аж ахуйгаа эрхэлж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ төр хамгаалах үүрэгтэй учраас өөрийн орны онцлогт тохирсон хяналтыг зохих хэлбэрээр хэрэгжүүлэх болно” гэдгийг онцолсон юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



