#Шилэн хууль2 мин унших
Хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой Конвенцыг баталлаа

УИХ-ын чуулганы /2026.10.02/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан юм.
“Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод 151 улс орон нэгдэж орсон. Ингэснээр хүний эрх ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх, эрх мэдэл, хариуцлага, бие даасан болон тэгш шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсан байна.
Конвенцод нэгдэн орсноор Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой болохыг Т.Аубакир сайд танилцуулж байлаа.
Хөдөө аж ахуйн салбарт 337 мянга орчим иргэн ажиллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн байдлаар ойн аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам зөрчсөнтэй холбоотой 17 осол, амь насаа алдсан хоёр тохиолдол гарсан байна.
Мөн бүртэгддэггүй тохиолдол цөөнгүй байдаг аж. Энэ конвенцын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн хяналтыг сайжруулах, ялангуяа хяналтын байцаагчдын чадавхыг энэ чиглэлээр бэхжүүлэх нөхцөл бүрдэх аж.
Энэ салбарт байдаг туслах малчин тэргүүтэй улирлын болон түр ажлын байранд хөдөлмөрийн харилцаа тодорхойгүй, гэрээ байгуулдаггүй нөхцөлийг энэ конвенцод нэгдсэнээр сайжрах эсэхийг лавлахад “Монгол Улс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр конвенцод нэгдэхээр олон жил ажиллаж, хууль эрх зүйн орчноо конвенцод нийцүүлэх ажлуудыг хийсэн.
2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны талаарх хөдөлмөрийн харилцааны асуудлыг албажуулах чиглэлээр зарчмын өөрчлөлтүүд орсон. Одоогийн байдлаар энэ хөдөлмөрийн харилцаанд туслах малчдын асуудлаар хөдөлмөрийн гэрээний загварыг гаргах, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр сургалт, арга зүйн талаар мэдээлэл өгөх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байгаа.
Энэхүү конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт албан бусаар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарах, мөн салбарын ажиллагсад хөдөлмөрийн байцаагч нараас зөвлөгөө, мэдээлэл авахаас эхлээд олон талаар хамтарч ажиллах боломж нэмэгдэх аж.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



