#Шилэн хууль2 мин унших
Польшийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй таван төслөөс гурав нь ашиглалтад орсон

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.20)-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
Нэн хөнгөлөлттэй 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр” нь жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Хэлэлцээрийн хүрээнд нийт таван төсөл хэрэгжүүлэхээс гурав нь хэрэгжиж дууссан, харин “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” 84 хувийн, ”Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл” 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн 71.5 хувь буюу 35.7 сая еврог ашиглаад байгаа аж.
Үргэлжиж буй хоёр төслийн гэрээний хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах, мөн хэлэлцээрийн 8 дугаар зүйлд “ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дотор санхүүжилтийг олгож дуусах”-аар заасан хугацааг гурван жилээр сунган найман жил болгох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар талууд тохиролцож, энэ оны тавдугаар сард гарын үсэг зурсан байна.
Польшийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслийн хувьд үндсэн төлбөрөөс 3.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 900 орчим сая төгрөг буюу нийт 4.7 тэрбум төгрөгийг төлөөд байгаа аж. Зээлийн нөхцөл, санхүүжилтийн дүнд өөрчлөлт ороогүй боловч Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5 мянган шоо метрээс 10 мянган шоо метр болгон нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тодорхой өөрчлөлтүүд хийгдэх аж.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

