Үйл явдал4 мин унших
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийн зорилго нь хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд оршиж буйг тодотгов.
Мөн төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой тулгамдаж буй асуудлууд нь хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг бүрдүүлж байна. Тухайлбал, 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2874 төсөл батлагдсанаас 42.5 хувь буюу 1219 төслийн төсөвт өртөг нэмэгдсэн, гурван төсөл тутмын нэг нь хугацаагаа сунгаж ашиглалтад орж байгаагаас гадна төсөл батлагдсаны дараа зураг төсөл өөрчлөгдөх, төсөвт өртөг нэмэгдэх, санхүүжилтийн эх үүсвэр давхардах, барилга баригдсан ч тоног төхөөрөмж, ашиглалтын зардал шийдэгдээгүй байх зэрэг асуудал түгээмэл байна. Хуулийн төслийн тандан судалгаагаар үүний гол шалтгааны нэг нь төсвийн хөрөнгө оруулалтын бүх үе шатыг олон хууль тогтоомж, журмаар салангид зохицуулж байгаатай холбоотой болохыг тогтоосон гэв.
Хуулийн төсөл найман бүлэг, 63 зүйл, 308 заалттай. Төсөлд төсвийн хөрөнгө оруулалтын зарчим, үе шат, ангилал, оролцогч байгууллагуудын чиг үүрэг, бүрэн эрх, төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, өмчийн удирдлага болон ашиглалтын асуудлыг цогцоор нь зохицуулсан. Ингэснээр Дэлхийн банкны тодорхойлсон төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгахад заавал байх ёстой найман үе шатыг бүрэн хангана гэдгийг Сангийн сайд онцлон тэмдэглэв.
Түүнчлэн тэрбээр хуулийн төслийн онцлох зохицуулалтыг товч танилцуулсан. Үүнд;
Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын бүх эх үүсвэрийг нэг замын зураглалд оруулахаар болжээ. Өнөөдөр улс, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг эх үүсвэрээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн зохицуулалт харилцан адилгүй хэрэгжиж байгаа аж.
Хоёрдугаарт, төслийн онцлогоос хамаарч ялгаатай зохицуулалт, шаардлага тавьж, хэрэгжилтийг үр ашигтай болгоно. Энэ хүрээнд 5.0 тэрбум төгрөг хүртэлх төслийг жижиг, 5.0–20 тэрбум төгрөгийн төслийг дунд, 20–100 тэрбум төгрөгийн төслийг том, 100–350 тэрбум төгрөгийн төслийг хөгжлийн, 350 тэрбум төгрөгөөс дээш төслийг мега төсөл гэж ангилна. Төслийн ангиллаас хамаарч бэлтгэл ажиллагаа, техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, эрсдэлийн үнэлгээний шаардлага харилцан ялгаатай байх бөгөөд жижиг төслийг хэт хүндрүүлэхгүй, харин том төсөлд илүү өндөр хариуцлага хүлээлгэнэ.
Гуравдугаарт, Төслүүдийг бодит хэрэгцээ болон үр өгөөжөөр эрэмбэлнэ. Төсөл төлөвлөх, эрэмбэлэх үйл явцыг шаталсан үнэлгээтэй болгож, нэг төсөл дөрвөн шатны үнэлгээгээр төлөвлөгдсөний үндсэн дээр төсвийн төсөлд тусгагддаг болно. Тухайлбал, сум, аймаг, салбарын яам, Сангийн яам гэх мэтээр дөрвөн үе шатны үнэлгээ хийхээр болсныг Сангийн сайд дурдсан.
Дөрөвдүгээрт, Бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй төсөл төсөвт тусгагддаг байдлыг зогсоож, хуулиар хязгаарлана. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн төсөл батлагдсан зураг төсөл, төсөв, норм нормативд нийцсэн төсөвтэй байхаар, харин хөгжлийн болон мега төслүүд техник эдийн засгийн үндэслэлтэй байхаар, түүнчлэн төслийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг, нийт зардал, цаашдын ашиглалтын зардлыг урьдчилан тооцож хамт төлөвлөх, ингэснээр барилга ашиглалтад орсны дараа тоног төхөөрөмжгүй, эсвэл ашиглалтын зардалгүй үлддэг асуудлыг төлөвлөлтийн шатанд шийдвэрлэхээр тусгасан байна.
Тавдугаарт, Төсөвт өртөг нэмэгдүүлэх асуудлыг хатуу зохицуулна.
Зургадугаарт, Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлж, өрсөлдөөний чанарыг сайжруулна.
Долдугаарт, Төслийг ашиглалтад орсноор дууссан гэж үзэхгүй, ашиглалтын үр өгөөжийг үнэлдэг тогтолцоо руу шилжинэ.
Наймдугаарт, Төсвийн хөрөнгө оруулалтын бүх үйл явцыг цахимжуулж Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн системийг бий болгоно.
Есдүгээрт, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах хөрөнгө оруулалтыг тусгайлан зохицуулна.
Аравдугаарт,Төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэг бүрийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Арван нэгдүгээрт, Хариуцлагыг сайжруулна. Энэ хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг өндөржүүлэн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан этгээд, гүйцэтгэсэн гүйцэтгэгч, баталгаажуулсан захиалагч, төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн шийдвэрийн үнэн зөв байдал, үр дагаврыг хариуцахаар, мөн хууль зөрчсөний улмаас төсөвт хохирол учирсан бол гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр тусгасныг Сангийн сайд танилцуулгадаа тодотголоо.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлага, хууль, эрх зүйн зүйн нэгдмэл орчин бүрдэн төслийг хэрэгцээ, шаардлагын дагуу төслөө төлөвлөдөг, төлөвлөсний дагуу хэрэгжүүлж, ашиглалтад оруулдаг болно. Төслийн ангилал, төрөл, зохицуулалт тодорхой болж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдсэнээр үнэлгээ сайжирч, олон улсын жишигт нийцнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
