Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодорхой зааж өгмөөр байна!
Улсын Их хурал дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.11.24/-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Нэгт, УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хагас жилээр танилцуулж байна. Ер нь биелэлтийн цөөн хэд нь л 100%-тай. Үлдсэн нь 80, 50, 40%-тай гэх мэт явчхаад байна. Явцын тайлан гэдэг утгаар нь бид сонсоод, юу нь хаанаа болохгүй байна гэдгийг харах зорилгоор мэдээллийг сонсож байгаа. Энд өгч байгаа тайлан дотор зүгээр нэг 80%, 50% гэх мэт хувилаад тоо тавьчихынхаа хажуугаар тайланд өмнөх хугацаанаас гарсан өөрчлөлтийн талаар ахиц гарав уу эсвэл буурав уу гэдэг дээр харьцуулсан анализ, дүн шинжилгээ хийсэн мэдээллүүдийг танилцуулдаг байвал хэрэгтэй.
Хоёрт, хэрвээ УИХ-ын шийдвэрийн биелэлтэд өөрчлөлт гараад эсвэл биелээгүй бол ямар хүчин зүйлийн улмаас биелэхгүй байна? Юу нөлөөлөөд үүний хэрэгжилтийг сааруулчхав гэдгийг тодорхой учир шалтгаантай нь мэдээллүүдийг өгчихдөг баймаар байна. Ингэвэл амьдралд хэрэгтэй. Мэдээж хэрэг гаргаж байгаа энэ шийдвэр чинь амьдрал дээр байгаа ямар нэгэн асуудал бэрхшээлийг шийдэхийн тулд гарсан байгаа. Тэгэхээр ямар хүчин зүйлийн улмаас амжилттай эсвэл амжилтгүй болов гэдгийг нь тодорхой зааж өгөөд цаашдаа аль түвшиндээ ямар арга хэмжээ авбал зохих тухайд нь тодорхой санал дүгнэлттэйгээр тайлан мэдээлэл дээр орж ирвэл хэрэгтэй байна.
Гуравт, 30%, 50% биеллээ л гэх. Яагаад үлдсэн хувь нь биелэхгүй байна, хэн, хаанаа хариуцлага хүлээх юм гэдэг ер нь байхгүй л байна. Бид нар их олон удаа энэ тайлангуудыг хэлэлцэж байгаа. Хариуцлагын тухай асуудлууд дандаа орхигддог.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

