Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Улсын сургууль, хувийн сургуулийн багш нарын цалингийн харьцуулсан судалгаа бий юу?
Улсын Их хурал дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.11.24/-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Энэ хуулийн төслийг эхнээс нь үзэл баримтлалын хувьд дэмжиж ирсэн. Надад хэд хэдэн асуулт байна.
Нэгт, улсын болон хувийн сургуулийн багшийн үндсэн цалин нэмэгдэл, нэмэгдэл хөлс нь тэнцүү байна гэсэн. Энэ заалт дээр асуулт байна. Энэ дээр харьцуулсан судалгаа байгаа юу? Хувийн сургуулийн багш нарын цалингийн бүтэц, хэмжээ нь улсын сургуулийнхаас хэр ялгаатай, зөрүүтэй байгаа тухай харьцуулсан судалгаа байна уу?
Хоёрт, Нийтлэг үйлчилгээний болон боловсролын ажилтны цалингийн зөрүү 20%-аас хэтрэхгүй байна гэсэн байна. Эмч, хоол зүйч, номын санч, тогооч, нягтлан бодогч, сантехникч, техникч гээд эдгээр хүмүүсийн цалин багшийн цалингаас 20 хувьгүй байна гэсэн санааг оруулж ирсэн байна. Тэгэхээр сургуульд ажиллаж байгаа эмчийн цалин, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмчийн цалингаас эсвэл соёлын салбарт ажиллаж байгаа номын санчийн цалингаас сургуульд ажиллаж байгаа номын санчийн цалин хэр ялгаатай байгаа вэ? Энэ дээр харьцуулсан судалгаа байна уу? Энэ нь эргээд салбарын ажилтны цалин хөлсийн жишгийг эвдсэн зүйл болох вий!
Гуравт, Багшийн цалингийн 20 хувьд байхаар цалинг тогтоогоод ороод ирж байгаа нь эргээд сургуульд ажиллаж байгаа эмч, хоол зүйч, нийгмийн ажилтан, тэгээд нягтлан бодох, туслах, ажилтан, жижүүр, манаач, сантехникийн ажилтнуудын чинь цалинг бүгдийг нь нэг ижил түвшинд хүргэчих ийм нөлөөтэй юу үгүй юү? Хөдөлмөрийн үнэлгээнд тэгшитгэсэн байдал ороод ирчхэж байна уу үгүй юү? Үүнийг нэг тодруулъя. Боловсролын байгууллагын удирдах ажилтныг 5 жилээр томилоод, нэг удаа 3 жилээр сунгана гэсэн ийм заалт оруулж ирсэн байна. Тэгэхээр үүн дээр харьцуулсан судалгаа байгаа юу? Нэг байгууллагыг тогтвортой удирдахын давуу тал, удирдлага, ойрхон солигдохын давуу талыг харьцуулсан судалгаа байгаа юу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

