Байр суурь5 мин унших
А.Бакей: Гишүүд шинэ төхөөрөмжтэй харьцаж сурах шаардлагатай байна

Сэтгүүлч sevjid
Одоохон...
Байр суурь5 мин унших

Сэтгүүлч sevjid

Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо үдээс өмнө хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг дахин ярилцах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр түр завсарлага авсан юм.
Гэхдээ АН-ын бүлэг асуудлаа нягталж дууссан тул Байнгын хороо үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож гишүүдтэй сайтар ярилцаж, санал солилцлоо.
Хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Сөрөг хүчний зүгээс Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд тус тус шилжүүлэх санал гаргасан. Энэ санал анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.
Цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонхын санал авбал Соёл спорт аялал жуулчлалын яамыг бусад яамдад нэгтгэх шийдвэр батлагдах байх. Гэхдээ сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг тийм ч их эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна.
УИХ, Засгийн газарт үлдэж байгаа хугацаанд хийх ажил үнэхээр их байгаа. Тэгэхээр зарчмын тохиролцоонд хүрэх асуудлаа олонхоороо шийдээд яаралтай цаашаа явах хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүдийн олонх нь ч ийм бодолтой байгаа болов уу.
Өглөө гишүүд нэг нэгнээ хүлээж жаахан цаг алдсан тал бий. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд шинэ төхөөрөмжтэй харьцаж сурах шаардлагатай байгаа нь өнөөдрийн хуралдаанаар тодорхой харагдлаа.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирцийн хувьд Засгийн газрын бүтэцтэй холбоотой цаг үеийн яаралтай чухал асуудал болохоор оролцвол зохих 19 гишүүний 16 нь оролцож санал бодлоо нэмэрлэсэн. “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг тусгай ажилтай байсан тул чөлөө авч бага зэрэг хоцорсон ч санал хураалтад оролцлоо.
Яг тийм асуудлуудыг гишүүдийн зүгээс нухацтай тавьж, нэлээн олон зарчмын зөрүүтэй асуудлуудыг цэгцэллээ. Жишээ нь УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд авчрах зэрэг санал байнгын хорооны гишүүдээс дэмжлэг хүлээсэн.
Түүнчлэн Ерөнхий сайдын хуулийн төсөлдөө тусгасан "Тэргүүн шадар сайд" гэсэн бүтцийг төслөөс хасах санал гарч дэмжигдлээ. Мөн Дэд бүтцийн хөгжлийн яам гэсэн төслийн нэрийг өөрчилж, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж нэрлэхээр байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нэгдлээ.
Үүнээс гадна Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн төслийн нэрийг өөрчилж Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж өөрчлөх санал дэмжигдсэн.
Ачаалал ихтэй байдаг Уул уурхайн яаманд ҮХААЯ-ны эрхлэх асуудлыг шилжүүлэх нь ихээхэн ачаалал үүсгэнэ гэж зарим гишүүн ярьж байсан.
“Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд” гэдэг нь нэр нь л солигдсоноос биш чиг үүрэг нь өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Ер нь тэгээд ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхий сайд оруулж ирээд, УИХ-аар хамтын зарчмаар шийддэг хуультай.
Байнгын хороон дээр шийдэх асуудлыг дарга нь ганцаар шийддэг бол өөр хэрэг. Нэр өөрчилнө гэх саналыг хамтаараа шийдсэн.
Үүнийг дэмжихэд МАН, АН-ын гишүүд ялгаагүй л оролцсон. Энэ асуудлыг УИХ дээр ярьж байж олонхоороо шийднэ.