Үйл явдал2 мин унших

Сонгуулийн хууль хуучнаасаа огт өөрчлөгдөөгүй

Сонгуулийн хууль хуучнаасаа огт өөрчлөгдөөгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Нэгдүгээрт, Үндсэн хуульд Монгол Улсын 18 насанд хүрсэн хүн сонгох эрхтэй. 25 насанд хүрсэн хүн сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 25 насанд хүрсэн иргэн сонгогдох эрхтэй болохоос 25 жил болсон нам сонгогдох эрхтэй гэсэн зүйл байхгүй. Энэ утгаараа нам, эвслүүд хү­нээ дэвшүүлдэг. Хү­нийг дугуйлдаг зарчимтай байдаг. Бид 38:38 гэж оруулж ирсэн нь ч учиртай. 38 хүнийг дугуйлаад, дугуйлагдсан хүний тоогоор намынхаа төвшнийг тогтоох нь зүйтэй гэж бодож байсан.

Сүүлдээ таван бүсэд хуваана гэхээр нь ядаж таван хүнээ сонгож, баруун, зүүн, төв зэрэг бүсэд байгаа лидерүүдээ дугуйлъя гэдэг санал гаргасан. Гэтэл эсрэгээрээ хүн дугуйлахаа болиод нам дугуйлна гэсэн. Өөрөөр хэлбэл, хуучин хуулиасаа өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. 2012 онд батлагдсан хуулийн дагуу би УИХ–д орж ирсэн. Тэр үед надад хуульд санал хэлэх эрх байгаагүй. Шийдвэр гаргахад ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй байсан. Харин одоо бидэнд байгаа боломжоор хууль санаачлаад оруулаад ирэхэд нөгөө чичлээд байдаг МАН, АН–ынхан “Үүнээс өөр ямар өөрчлөлт оруулах юм” гээд инээгээд сууж байна шүү дээ. 90 жил болсон намын нэрээр эсвэл 25 жилийн ардчилал бол АН-ынх гэж ард түмний тархи угаасан үзлээр олонхийн санал авах гээд хүнээ дугуйлахаа больчихож байгаа юм. Энэ хууль жижиг намууд болон бие даагчдад ээлгүй хууль болсон.

Сонгуулийн зардал гэдэг зүйл энэ хуулийн 41 дүгээр заалтад тусгай бүлэг болж орсон. Үүнд хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, сонгуулийн зард­­лыг энэ хуульд заас­ны дагуу дансанд төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна гэсэн. Тодорхой дансанд байршуулна. Төгрөгийн данстай байна гэж байна. Мөн хуулиараа тодорхой хэмжээ заагаагүй байна. Тиймээс сонгуулийн өмнө хэмжээ заах асуудал гарч магадгүй. Сонгуулийг хэдий хэмжээний мөнгөнд багтааж хийнэ гэсэн зүйл тусгагдаагүй. Уг нь ихэнх оронд дээд хязгаарыг заадаг. Тухайлбал,ямар хэмжээнээс доош зарцуулж болохгүй, хэдий хэмжээний зардал гаргасан тохиолдолд бусдын саналыг хууль бусаар авсан гэж үзнэ гэдэгнь тодорхойгүй байна. Гэтэл манайд хандивын хэмжээг л заадаг. Хэрэв дээд хязгаараа тавьчихвал нэг хүнээс 100 сая, 10 сая, таван сая авна уу хамаагүй шүү дээ. Гэтэл үүнийг тодорхой зааж өгөөгүй. Хий дэмий зардал, данс, үнэгүй хандив гэж яриад байна. Ингэснээрээ өнөөдөр дахиад мөнгөний сонгууль болж байгаа юм.

Сэтгүүлч zaya_a

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2020

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011