Онцлох мэдээ6 мин унших
Гурван асуулт, таван салбар

Сэтгүүлч Munkhtuya_vip
Одоохон...
Онцлох мэдээ6 мин унших

Сэтгүүлч Munkhtuya_vip
Манай аймаг говийнх гэдэг утгаараа амьдрал хэцүү, энд ажиллах хүн говийн нэмэгдэл гэж олгодог байсан үе бий. Одоо бол говь нутаг хөгжлийн төв болсон байна. Монгол Улсын хөгжлийн гол тэнхлэг бол говь руу чиглэж байна. Ингэж аймгийн иргэдээ зоригжуулж, өөдрөг сэтгэлтэй ажиллаж байна.
Манай аймаг бол яах аргагүй Монгол Улсын гол дэд бүтэц, тэнхлэгүүд дайран өнгөрдөг. Уул уурхайг түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд кластер хэлбэрээр хөгжүүлэх юм бол зөвхөн хоёр хөршөөр хязгаарлагдахгүй, хамгийн ойрхон далайд гарах гарц бол /дэлхийн зах зээл рүү довтлох/ Дорноговь аймаг юм.
Тиймээс Дорноговь аймаг бол Монгол Улсын хөгжлийн томоохон төв тэнхлэг, Зүүн Хойд Азийн томоохон сонирхлын бүс гэсэн цонхоор харж, хөгжлийн бодлогоо боловсруулж тэр дагуу ажиллаж байна.
2012-2016 онд “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөр боловсруулж, ажиллаж эхэлсэн. Анх эхэлж байхад аймгийн иргэд энэхүү хөгжлийн хөтөлбөрийн ач холбогдлыг нэг их ойлгохгүй, анзаарахгүй байлаа.
Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн тус хөтөлбөр үр өгөөжөө өгч, аймагт өөрчлөлт авчирсан учраас 2016-2020 онд бодлогын залгамж холбоо болгох үүднээс “Шинэ Дорноговь 2” хөгжлийн бодлого гэж боловсруулсан.
Гол агуулга нь Дорноговь аймаг тогтвортой хөгжлийн загвараар хөгжих ёстой. Ингэхийн тулд үндсэн таван салбарыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, тодорхой зорилтууд дэвшүүлж, ажиллаж байна.
Бид саяхан Өргөн сумандаа 1 сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад оруулж, 500 хүн ажлын байраар хангах болоход 60-70 хүн туслах ажилтнаар орж ирж байх жишээтэй. Энэ нь мэргэжилтэн боловсон хүчнээ системтэйгээр бэлдэж чадаагүй болохыг харуулж байна.
Технологи оруулж ирэх, үйлдвэрлэл барих нь зүйтэй боловч түүнээс урьдаж, хүнээ хөгжүүлэх, бэлдэх нь хамгийн чухал болох нь нотлогдсоор байна. Тиймээс сургуулийн өмнөх наснаас нь эхлэн анхаарах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд Дорногов аймгийн алслагдсан бүх сумдад цэцэрлэг, сургууль барилаа. Нэгдсэн тоогоор шинээр 15 цэцэрлэг, долоон дотуур байр, гурван томоохон сургууль барилаа.
Япон улсын Шизука муж, Дорноговь аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улс руу ЕБС-ийн ахлах ангийн 1000 сурагчийг тодорхой ээлжтэйгээр таван хоног аялуулах, туршлага солилцох хөтөлбөрт хамруулахаар болсон. Одоогоор 200 сурагч энэхүү дэлхийн өндөр хөгжилтэй оронд очиж үзэн, харах өнцөгөө өөрчилж, хөгжилтэй хөл нийлүүлнэ эхлэх хэрэгтэй гэдгийг ойлгож байна.
Хүнээ хөгжүүлнэ гэдэг урт хугацааны хөдөлмөр шаардсан ажил учраас эхнээсээ төлөвлөгөөний дагуу явж байна.
Дээр дурдсан цементийн үйлдвэрээр жишээ татахад, хамгийн том асуудал бол цахилгаан хангамж хүрэлцэхгүй байгаа учраас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Тэр хэрээр хөрөнгө оруулалтаа нөхөх, ирээдүйн ашиг нь хумигдаж байна.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барина гэж яриад л байдаг. Гэтэл дэд бүтцээ бүрэн шийдээгүй өнөөгийн нөхцөлд тус цогцолборыг барина гэдэг эртэдсэн асуудал. Японы Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ эхний ээлжинд Сайншанд, Тавантолгойн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан.
Ямар ч үйлдвэрлэл хөгжүүллээ гэсэн усаар хангах ёстой. Гэтэл манай аймагт ус байхгүй учраас бид Хэрлэн голын усыг үйлдвэрлэлийн бүсүүд рүү татах хэрэгтэй гэж үздэг. Хэрлэн голыг үеэрлэсэн, их устай байх үед нь хиймэл нуур хийж, усан сан байгуулах хэрэгтэй байна.
Таван уул уурхайн компани дундаа нэг хаягдал боловсруулах үйлдвэр барьж, тэр үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт, зардлаа хуваалцсан тохиолдолд нэг компанид ирэх санхүүгийн ачаалал харьцангуй бага байх төдийгүй хог хаягдлыг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна.
Мөн агаарын тээвэр, төмөр зам, интернэтийн сүлжээ, инженерийн барилга байгууламж зэрэг нь тогтвортой хөгжлийн үндэс. Одоогоор босоо тэнхлэгийн замууд бүгд аймгийн төвтэй холбогдлоо. Хамрын хийд рүү зам тавьчихлаа. Аймгийн төвийн газар доорх цэвэр, бохир дулааны шугамыг иж бүрнээр сольсон. Одоо бүх сумын төвөө цэвэр, бохир системтэй болгомоор байна.
Сүүлийн таван жилд Чех улсын буцалтгүй тусламжтайгаар газар тариаланд шинэ усалгааны систем нэвтрүүллээ. Үүний үр дүнд говийн хөрс хамгийн сайн хөрс болох нь батлагдаж, хөрснөөс нь усалснаар одоо өмнөхөөс дөрөв дахин бага усаар байнгын усалгаатай байна.
Хүлэмжийн аж ахуйг найман суманд хөгжүүлж байна. Дөрвөн жилийн өмнөөс Япон улстай хамтран гурвалжин будаа тарих хөтөлбөр хэрэгжүүллээ. Хэрэв ургац сайн байвал Япончууд өөрсдөө худалдаж авахаар болсон. Цагаан будаа тарьж үзлээ. Одоо чанарын шинжилгээ хийж байна. Хэрэв сайн чанарын цагаан будаа гэсэн дүгнэлтэд хүрвэл цагаан будаа Монголын говийн хөрснөөс ургаж байна гэж ойлгож байна.
Миний хувьд Япон улсын элчин сайдын яаманд олон жил ажилласны хувьд тус улсын Нигата мужтай хамтран цөлжилтийг бууруулах зорилгоор говь нутагт ногоон бүс байгуулъя гэж зорин, говийг ногооруулах үүднээс говийн заг, сухай, хайлаас, тооройн төгөл зэрэг моднуудыг технологийн аргаар үрслүүлж, маш амжилттай тарилаа. Энэ жил 1500 мод тариад байна. Хэрэв эдгээр модод гурван нас хүртлээ ургасан тохиолдолд цөлжилт хурдацтай явагдаж буй бүсүүдэд нүүлгэн шилжүүлж, суулгах болно.
Болц болсон загийн үрийг мэргэжлийн хүмүүсээр түүлгэж байна, нутгийн иргэдэд тарааж байна. Суулгацыг гэртээ тарьж, мод үржүүлж, түүгээр бизнес эрхлэх бүрэн боломжтой. Манай аймаг геологи, уул уурхайн 300 гаруй лицензтэй. Эдгээр компани байгалийн нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай учраас нутгийн иргэдээс тарьсан моднуудыг нь авна гэж харж байна.
Гагцхүү одоо Монгол Улс малаа эрүүлжүүлж, вакцинжуулах хэрэгтэй. Малчид хотондоо мэндэлсэн хурга, ишгээ бүртгэлжүүлэх хэрэгтэй байна. Вакцинд хамрагдсан гэсэн шинжилгээний бичигтэй, хэн гэдэг малчны хотны мал вэ гэдгийг баримтжуулах хэрэгтй.
Манай аймаг сүргийн бүтцээ сайжруулах, малын ашиг шимийг дээшлүүлэх үүднээс Дэлгэрэхийн улааныг Дорноговийн нэрийн хуудас болгох үүднээс одоогоор 12 мянган ямаа өсгөн, үржүүлж байна. Тэдгээрээс хамгийн нарийн ноолуур гарган авах боломжтой.
Сум болгон үйлдвэртэй болъё гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайн суманд үйлдвэрлэл дагасан хөгжил авчрах үндсэн зорилготой.
Нөгөө талаас аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж, энэ хүрээнд Хамрын хийдийг олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна.
Манай аймагт тэмээн аялал хөгжүүлэх боломжтой. Сайншандаас Хамрын хийд хүртэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 42 км хатуу хучилттай зам тавигдлаа. Тиймээс жуулчид Хамрын хийд ороод буцах биш цааш 14 сумаар аялах маршрут зохиож байна. Дорноговийн есөн гайхамшиг, байгалийн есөн гайхамшиг, түүхийн есөн гайхамшиг зэргийг таниулж байна.