Байр суурь2 мин унших
Ж.Эрдэнэбат: Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ, 580 сая долларын өрийг хугацаанд нь төлнө

Сэтгүүлч bayartsengel
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч bayartsengel
Орон нутагт хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Засгийн газар гадаад томилолтыг хязгаарласан. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагаанд үр дүнтэй айлчлал хийж болно. Гол нь гаргасан зардлаа хэд дахин нугалах амжилт гаргах учиртайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө гэлээ. Мөн, Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна, ганц компанид өгөх гэж байна зэрэг мэдээлэл гарч байна. Эдгээр мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдье. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ. Дэлхийн үнэлэгдсэн ийм орд газраа Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүйгээр шийдэхгүй гэж Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улсын 330 гаруй сумын 170 гаруй нь эмнэлгийн машингүй байна. Энэ онд багтааж сумын эмнэлгийг бүрэн унаажуулна гэлээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Энэ нь утаанаас ангижрах цогц арга биш. Агаарын бохирдол өргөс авсан мэт арилахгүй. Утаа багасгах бололцоотой бүхий л арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, утаатай холбоотой асуудал ганц нийслэл хотынх биш. Орон нутагт утаанаас сэргийлэх ажлыг одооноос хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Орон нутгийн хөгжилд зориулсан аж ахуйн нэгж, компаниудын хандив тусламжийн 50 хувийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байх, орон нутагт хийх зам, барилга зэрэг дэд бүтэц, бусад төслийн сонгон шалгаруулалт, бэлтгэл ажлыг эртнээс хийж дөрөвдүгээр сарын 1-нээс ажлыг эхлүүлэх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.
Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын ажлын арга барил, хамтын ажиллагаа, санаачилга, зүтгэлээс Монгол Улс, монголчуудын амьдрал ихээхэн хамаарна гэж Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.
Семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, баталгаажууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
