Ерөнхий сайд Г.Занданшатар, болон зарим сайд нарын хамт “Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь тус компанийн нүүрсний уурхайд ажиллаж, үүсээд буй нөхцөл байдалтай /2025.07.19/ газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгахаар боллоо. Зөрчил, хууль бус үйлдэл илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.
Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулахаар болов.

2024 онд ашиглалтад оруулсан Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнд орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцоолоод байна.