Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан юм.
НББСШУ-ны байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа уг хуулийн төсөл батлагдвал энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх тул Зөрчлийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль санаачлагчид буцааж, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед хариуцлагын тухай асуудлыг нэмж тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг авчээ.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсгийн ахлагчаас асуулт асуусан. Тэрээр хуулийн төслийн гол зорилго юу болохыг тодруулж, нялх, балчир хүүхдэд зориулсан дэлхийн алдартай брэнд бүтээгдэхүүний импортыг дэмжих хэрэгтэй гэв.
Нялх, балчир хүүхдэд зориулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний орц, найрлага, шошгонд тавих хяналтыг сайжруулах, Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого боловсруулж, батлуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хамгаалал шаардлагатай эх, хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүлэх, төрийн захиргаа болон эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан өргөтгөх талын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлд Эхийн сүүний нөөцийн банк байгуулах тухай шинэлэг зохицуулалтыг ч оруулж өгсөн байна.