Монголын Эмнести Интернэшнл цаазаар авах ял оноохыг ямар ч тохиолдолд эсэргүүцэхийн хамт Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл гэж үзэж халахыг уриалдаг.
Цаазаар авах ялыг эсэргүүцэх нь гэмт хэрэгтэнд ял завших боломж олгож, тэднийг хаацайлж байгаа хэрэг биш юм. Эмнести Интернэшнл нь аливаа гэмт хэрэгтнийг шударга шүүхээр олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн шүүж, цаазаар авах ял хэрэглэлгүйгээр зохих шийтгэлийг зайлшгүй оногдуулах ёстой гэж үздэг. Гэтэл сүүлийн үед цахим орчинд Монголын Эмнести Интернэшнлийг гэмт хэрэгтэнд ял завшуулж, авилгач, хулгайч, дээрэмчин, алуурчдыг хаацайллаа гэх мессэжийг тараан, хүний эрхийн хамгаалагчдыг үзэл бодол, байр сууриа илэрхийлснийх нь төлөө айлган сүрдүүлэх оролдлого гарч байгаад Монголын Эмнести Интернэшнл харамсаж байна.
Гэмт хэргийн өсөлт, бууралт нь нийгэм дэх тэгш бус, шударга бус явдал, ажилгүйдэл, улс төрийн тогтворгүй, ёс зүйгүй байдал, эдийн засгийн зааг ялгаа, түүнээс үүдэлтэй нийгмийн бүлэгт үзүүлэх сөрөг нөлөө, үр дагавар ёс зүйн төлөвшил зэрэг нийгэм, эдийн засгийн олон нөхцөлөөс шалтгаалан өсөж буурдаг ба цаазаар авах ялтай хамааралгүй болохыг судалгаанууд харуулдаг.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр зэрэг дотоодын хууль тогтоомжид заасан хүний эрхийг хамгаалж, бүрэн дүүрэн эдлүүлэх үүргийнхээ хүрээнд төрийн зүгээс 2017 оны 7-р сарын 1-ний өдөр цаазаар авах ялгүй болсныг бид сайшаан хүлээн авсан юм.
Цаазаар авах ялыг халах дэлхий нийтийн чиг хандлага маш тодорхой болж, 142 улс тус ялыг халсан энэ цаг үед Монгол Улс үүргээсээ ухарсан алхам хийхгүй байвал зохино. Цаазаар авах ялыг сэргээх аливаа оролдлого нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ шууд зөрчсөн, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Монгол улсын нэгдэн орсон гэрээ, конвенцтэй нийцэхгүй хэрэг болно.