#Шилэн хууль3 мин унших
Эрүү шүүлтээс сэргийлж, хүний эрхийг хамгаалах тогтоолын төсөл батлагдлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Эрүү шүүлттэй холбоотой асуудал бол хувь хүний гэхээс илүү системийн асуудал болчихсон нь нууц биш! Тэнд байгаа албан хаагчдыг чадавхжуулж, даргыг нь сольсон ч асуудал шийдэгддэггүй. Хорьж, мөрдөж, айлган сүрдүүлж, мэдээллийн дутмаг байдалд нь түшиглэн хэрэг тохдог, хэрэг хүлээлгэдэг “коммунист, фашист” аргаар Монгол Улс гэмт хэрэгтэйгээ тэмцэж байгаа нь тогтолцооны гажуудал гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүд хэлж ирсэн.
Тэгвэл Монгол Улсын Их хурал сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаа үүнийг хүлээн зөвшөөрч тогтоолын төслийг баталлаа. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй.
Эрүү шүүлтийн улмаас хохирсон иргэдтэй биечлэн уулзаж, хууль зүйн шинжилгээ хийв!
Нэг ёсондоо манай улс анх удаа “системийн шинжтэй хүний эрхийн зөрчил гэдэг үг, үсэг”-ийг тогтоолын төсөлд тусгав. Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сард Улсын Их хурал “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвийн дор хяналтын сонсгол зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахалж чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Эрүү шүүлт гэдэг хөнгөмсөг хэлэлцэх зүйл огт биш! С.Эрдэнэболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг эрүү шүүлттэй холбоотой асуудлаар хохирсон иргэдтэй биечлэн уулзаж, хэрэг тус бүрд шинжээч томилж тэдний дүгнэлтийг сонсож ажилласан нь эрүү шүүлтийн эсрэг үйл ажиллагаанд галыг өөртөө авч, зоригтой алхам хийснийг нь харуулна.
Ажлын хэсэгт 38 иргэнээс 21 хавтаст хэрэг, 2386 хуудас материал ирүүлсэнд хууль зүйн шинжилгээ хийж, бодлогын түвшинд шийдвэр гаргаж, арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ!
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг удаагийн бус дахин давтан үйлдэгддэг, тогтолцооны шинжтэй хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч, хөдөлшгүй баримтаар нотлогдсон тул УИХ бодлогын шийдвэр гаргаж, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай юм.
Эрүү шүүлтээс сэргийлж, хүний эрхийг хамгаалах тогтоолд туссан зохицуулалт:
| Иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгааг хангах; |
| Цагдан хорих арга хэмжээний хэрэглээг хязгаарлах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авах;, |
| Нотлох баримтын хууль ёсны стандарт, шалгуурыг чангатгах, прокурорын болон шүүхийн хяналтын хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээ авах; |
| Хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгох;. |
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг:
Бидний авч хэлэлцсэн кэйсүүдийн 90% нь 2012-2016 онд гарсан хэргүүд. Тэр үед шударга бусын хонгил угсрагдаж, системийн доголдол гарсан нь маш тодорхой болсон. Хүний амьдрал богино. Нэр төрөө сэргээж, үхэхдээ үр хүүхдүүддээ нэр цэвэр байхсан гэдэг тэдгээр хүмүүсийн хүслийг төр шуурхай шийдэх ёстой! Буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, нөхөн төлбөрийг нь гаргах ёстой.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжин:
Төр иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчид нь гэмт хэрэг хийхэд шийдэж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт! Энэ тогтоолын төслөөр Ерөнхий сайдад үүрэг даалгавар өгнө. Эрүү шүүлттэй холбоотой хар жагсаалт гаргадаг болох хэрэгтэй. Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн нэрийн өмнөөс хохирлыг нь барагдуулсан бол буруутай этгээдээр буцааж төлүүлж, гэмт хэргийг бие даан шалгадаг тусдаа байгууллагатай болох хэрэгтэй.