Нийгмийг цочроосон хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг шил дараалан гарснаас үүдэж манай улсад цаазаар авах ялыг сэргээх эсэх асуудлыг тойрсон маргаан, мэтгэлцээн гарах болсон. Тэгвэл өнөөдөр монголын эмнести интернэшнл болон монгол улсын багшийн их сургууль хамтран судлаач, эрдэмтдийн дунд “улс төр ба цаазаар авах ял” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Гэсэн ч нийгэмд цаазын ялыг зарим онц хүнд гэмт хэрэгт оноох нь зүйтэй, энэ нь гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж үзэх хүмүүс ч байгаа юм.
Хүний эрх, эрх зүйн өндөр соёлд тулгуурласан жирийн иргэдийн үзэл бодол болон ялын гүйцэтгэлээс үүсэх эрсдэлд суурилж цаазаар авах ялыг үгүйсгэдэг бол нөгөө талд гэмт хэргийн хохирогчид, улс төр, эдийн засаг, айдсын менежментэд тулгуурлаж цаазаар авах ялыг байх ёстой гэх хандлагууд байдаг.
Мөн сүүлийн 50 жилийн байдлаар олон улсад болон манай улсад цаазаар авах ялтай хамааралгүйгээр эдийн засаг, хүн амын өсөлт, хүн амын төвлөрлөөс шалтгаалж гэмт хэргийн гаралт өссөн байгааг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Манай улсын хувьд гэхэд 1992 оны байдлаар гэмт хэрэг 12.467 гарч байсан бол сүүлийн 25 жилийн хугацаанд буюу 2017 он 32.259 болж, 2.6 дахин өсчээ.
Судлаачдын үзэж байгаагаар цаазын ялыг сэргээх асуудал нь онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах зорилго агуулсан гэхээсээ илүү улс төрчийн хувьд рейтингээ өсгөх, олон түмэнд таалагдах зорилго агуулсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаазын ялаар гэмт хэрэг үйлдэгчдэд айдас төрүүлж гэмт хэргийг бууруулна гэдэг нь өрөөсгөл ойлголт болохыг хэлж байгаа юм. Тиймээс онц хүнд гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь цаазын ялын сэдвээс илүү чухал гэдэгт судлаач, эрдэмтэд санал нэгдэж байгаа юм.
Б.Хулан
Эх сурвалж: