Онцлох мэдээ4 мин унших
Я.Содбаатар: Цар тахлаас хүндрэлийг даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулан АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.








Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “COVID-19” цар тахлын хоёрдугаар давалгаа гарч, хурдацтай тархаж байгааг анхааруулж байгаа. Тиймээс Засгийн газар халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Монгол Улсын хувьд энэ оны нэгдүгээр сарын 8-наас энэ сарын 15-нд бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 320 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 311 нь эдгэрсэн бол 9 хүн эмчлүүлж байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. Тэрбээр, “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 15, Улсын онцгой комиссын хурлаар 28, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 1, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар 1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 3 удаа хэлэлцэж, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлэхээр заасан. Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “COVID-19”-өөс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий олон улсын болон дотоодын зөвлөхүүдээс бүрдсэн ажлын баг байгуулсан. Цаашид “COVID-19”-ийг эмчлэх монголын эмч, сувилагчдын туршлагыг ДЭМБ-ын Номхон далайн бүс орнуудын газраас зохион байгуулдаг урьдчилан сэргийлэх вебинар буюу цахим сургалт, семинарын цуврал хөтөлбөрт оруулахаар төлөвлөж байна” гэлээ.
Энэ оны 3-7 дугаар сард өдөрт дунджаар 350 нүүр ачсан машин хилээр гарч байсан бол Ногоон гарц түр журам хэрэгжүүлснээр өдөрт дунджаар 1500 гаруй нүүрс ачсан машин гарч, нүүрсний экспорт тогтмол нэмэгдэж байгаа аж. Нөгөө талаар Засгийн газраас иргэд, бизнес эрхлэгчдийнхээ амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалж хамгаалах, эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хувилбаруудыг ирэх жилийн төсвийн бодлогын хүрээнд боловсруулж байна. Тухайлбал, Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл нийт дүнгээр нь 3-5 хувиар бууруулан, нийгмийн даатгалын шимтгэлийг 17 хувьд хүргэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр буюу сар бүр 100 мянган төгрөгөөр тооцож олгох, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 288 мянган төгрөгөөр олгоно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар онцолсон юм.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат дэлхий нийтэд “COVID-19”-ийн вакцин бүтээх ажил өрнөж байгаа бөгөөд Монгол Улс худалдан авах болж байгаа эсэхийг тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Вакцины асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Эхний удаа дараа биш юмаа гэхэд олон жилийн дараа хүний биед сөрөг нөлөө илэрч мэднэ. Тиймээс няхуур хандаж, вакцин туршиж буй үйлдвэр, улс орнуудтай ГХЯ-тай хамтран байнгын харилцаа, холбоотой байгаа” хэмээв.