Үйл явдал4 мин унших
Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЗасгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцууллаа.
Төслийн нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус оруулсан хэмээн танилцуулгад дурджээ.
Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь тавигдана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Мөн хуулийн төсөлд музейн сан хөмрөгийг баяжуулж үзмэр худалдаж авахад нарийвчилсан зохицуулалт оруулсан эсэх, энэ чиглэлийн боловсон хүчний нөөц, чадавх хэр байгааг илүүтэй лавлаж байлаа. Гишүүдийн олонх нь музейн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, соёлын үнэт өвөө хамгаалахын тулд музейн сэргээн засварлах санхүүжилтийг улсын төсөвт суулгахад анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Монгол Улсын хувьд музейн барилгын инженер, сэргээн засварлагч, фонд хариуцсан мэргэжилтэн гээд энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудал орхигдсон. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сэргээн засварлагчийг нэн шаардлагатай мэргэжил гэсэн ангилалд оруулж, салбарын яамны зүгээс соёлын өвийг сэргээн засварлагчийг бэлтгэхэд онцгойлон анхааран ажиллаж байгааг Соёлын сайд хариултдаа тодотгов.
Монгол Улсын хувьд музейн үзмэр хадгалах танхим, стандарт хангасан барилга байхгүй. Иймд дэлхийн нэр хүнд бүхий музейн үнэт үзмэрүүдийг дотооддоо авчирч үзүүлэх бололцоо байхгүйн зэрэгцээ монголын өв соёл, үзмэрийг гадаадын нэр хүнд бүхий музейд тавих, соёлын өв, болон бусад дурсгалаас бүрдсэн үзэсгэлэн гаргаж эх орноо сурталчлахад анхаарч хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан.
Ингээд Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Уг тогтоолд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Амартүвшин, Б.Баярсайхан, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.