Үйл явдал6 мин унших
Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна

Одоохон...
Үйл явдал6 мин унших


Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87.8 хувь байна” гэв.
Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн. УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Дархлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна. Барилгын материалын болон барааны 22 худалдааны төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байв.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт коронавирусийн халдварын 1001 тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн нас барсан. Ингэснээр нийт барсан хүний тоо 214 болоод байна. Тусгаарлах байранд 3009, ойрын хавьтал болон тусгаарлагдаж байгаа 8431 хүн байна. Эдгээрээс 240 хүн халдвар авсан нь батлагдсан. Өнөөдөр дархлаажуулалтын суурин 47, явуулын 10 цэгт 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 34022 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. PCR шинжилгээний байнгын болон явуулын зургаан цэг ажиллаж байгаа. Эдгээр цэгүүд сургууль дээр байрлаж байсныг цэцэрлэг рүү шилжүүлсэн” гэлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг дөрөв дэх удаагаа ариутгаад байна


Сонгинохайрхан дүүрэгт тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай. Хүүхдийн тоглоомын талбайн гулгуур бүгд хагарсан учраас засах боломжгүй, солих шаардлагатай, хүүхэд бэртсэн тохиолдол ч гарсан. Цаашид хүүхдийн гулгуурыг төмөр, эсвэл модоор хийх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Харин Сүхбаатар дүүрэг тоглоомын 170 гаруй талбайг шалгаж, 50 гаруй зөрчил илрүүлжээ. Иймд хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилт 80 орчим хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд тоглоомын 160 талбай байгаагаас 50-д нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай. 60 орчим сая төгрөг төсөвлөж, засварын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хотын дарга өгсөн үүрэг, даалгаврыг дор бүрнээ биелүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн Энхтайваны гүүрний засварын ажлыг гүйцэд, шуурхай хийж дуусгахыг үүрэг болголоо. Хяналтыг сайн тавьж, шаардлагад нийцсэний дараа Улсын комисс хүлээж авахыг сануулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд үүрэг өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болгох, нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох, холбоос зам болон явган зорчигчдын хөдөлгөөн зохион байгуулалт, орц, гарцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлуудыг эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Мөн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийх, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг зохион байгуулахыг даалгалаа.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохыг хориглосон газар болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн зөрчлийг арилгаж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалж, хайс, хашлага, татсаныг чөлөөлж байгаа.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайд тохижилтын ажлуудыг хийлгэхийг үүрэг болголоо.