Үйл явдал2 мин унших
Ерөнхийлөгчид Иргэний зориг, Ногоон намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан парламентын тогтолцоог гүнзгийрүүлэх, төгөлдөржүүлэх зорилтыг ИЗНН бүрэн дэмжиж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч ИЗНН-ын удирдлагад талархал илэрхийлж, Ерөнхийлөгчийн зүгээс парламентад суудалтай, суудалгүй бүх намыг дэмжиж, үндэсний эв нэгдлийг хангах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэмдэглэв.

Улмаар Монгол Улсын сонгосон парламентын тогтолцоо бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа, ардчиллын суурь үнэт зүйл гэдгийг онцолж, үүнийг боловсронгуй болгож, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд улс төрийн намуудын үүрэг, оролцоо чухал гэсэн юм.
Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа байгаль орчны доройтол, цөлжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулах учраас ИЗНН-тай энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.