Үйл явдал7 мин унших
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой Байнгын хорооны тогтоол батлав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал7 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг хуралдааны эхэнд сонслоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дээрх асуултын хүрээнд хөндсөн гурван зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль нь газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд энэхүү дэмжлэгийг үзүүлэх харилцааг нарийвчлан тодорхойлсон журам батлах үүргийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Засгийн газарт хүлээлгэсэн. Энэхүү журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулан 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлуулж, тус хуулийг хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгожээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явц: Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, төслийн менежментийн зөвлөх компанитай зөвшилцөн технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа юм байна.

“Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгууд, үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын бэлтгэлийг 2021 оны 1 дүгээр сараас хангаж, газар шорооны ажлын ухмалын хэсэг бүрэн дуусаж, суурийн хэв хашмал, арматурчлалын ажил, ус дамжуулах хоолой, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын газар шорооны ажлууд үргэлжилж байгаа гэв.
Үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхны тусламжийн төв, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилгын зураг төслийн ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд газар шорооны ажил бүрэн дуусаж, бүтээцийн ажлууд явагдаж байна.
Үйлдвэрийн зам талбайн үерийн ус зайлуулах суваг шуудуу болон цуглуулах савны газар шороо, сувагчлалын суурь бетоны ажил 50 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн талбайд 2021.07.30-ны өдрийн байдлаар төслийн менежментийн зөвлөх компанийн 5, “JMC Projects India” компанийн 121 энэтхэг, дотоодын туслан гүйцэтгэгч 8 компанийн 280 монгол ажилчин ажиллаж байгаа талаар Шадар сайд танилцууллаа.
“Үйлдвэрийн цахилгаан станц” ажлын багцын хүрээнд үйлдвэрийн 35 МВт хүчин чадалтай 2 ширхэг уурын генератор, 17,5 МВт-ын 2 ширхэг уурын турбин бүхий шингэн түлшээр ажиллах цахилгаан станцыг барьж байгуулах юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны тавдугаар сард зарласан бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.
“Лицензит технологийн байгууламж” ажлын багцад лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил багтажээ. Дэлхийд алдартай цөөн хэдэн компани газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн байгууламжуудын лицензийг эзэмшдэг байна. Лиценз эзэмшигчдээс ирүүлсэн тендерийн техникийн хэсгийг хянах, үнэлэх ажил эцсийн шатанд явагдаж байгаа бөгөөд техникийн шаардлага хангасан тендерийн үнийн саналыг нээх ажил эхлээд явж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэг хэсэг болох үйлдвэрийн ажилчдын 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Ковид-19 цар тахлаас үүдсэн хөл хорио бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч урин дулаан улирлыг бүрэн ашиглаж, үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах үүднээс боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа талаар асуултын дагуух мэдээлэлд дурдав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” Үнэлгээний хороог байгуулж, мэргэжил, санхүүгийн чадавхтай олон улсын компаниудыг тендерт оролцуулах зорилгоор урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын “Gulf Publishing” компанийн “Pipeline and Gas Journal” сэтгүүл болон олон улсын газрын тосны сайтуудад нийтлүүлсэн. Урьдчилсан сонголтод 9 улсын 22 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс бидний тавьсан нөхцөл, шаардлагыг хангаж, хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн 15 компанид тендерт оролцох урилга, тендерийн баримт бичгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн байна.
Ерөнхий сайдын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн танилцуулга, мэдээлэл: Ажлын хэсгийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 15 зүйлээр Шадар сайдын 2020 оны 94 дүгээр тушаалаар баталсан. Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг арга хэмжээ бүрээр гаргаж, Төрийн ордонд 2021 оны наймдугаар сард болсон ажлын хэсгийн хуралд танилцуулжээ.
Мөн дамжуулах хоолойн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх; БНЭУ-ын Гадаад хэргийн яам, Газрын тос болон байгалийн хийн яамтай төслийн үйл ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, уул уурхай, газрын тосны салбарт Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг хангах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгчээ.
С.Амарсайхан сайдын танилцуулсан дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ц.Өнөрболор, Б.Чойжилсүрэн, Б.Тэмүүлэн нар асуулт асууж, Шадар сайд болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариулт өглөө.

2018 оны арван хоёрдугаар сард үндсэн технологийн 12 байгууламжтай үйлдвэрийн ТЭЗҮ-ээ батлуулахдаа 2024 онд барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Харин өнөөдрийн байдлаар барилга, угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байгаа хэмээн Д.Алтанцэцэг захирал мэдээллээ. Цар тахлын нөхцөлд багагүй бэрхшээл учирсан ч инженерийн ажил саяхан дуусаад байгаа гэлээ. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, таван төрлийн 1.33 сая тонн бүтээгдэхүүн болгох юм байна. Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-95 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх төлөвлөлттэй ажээ.
Дотоодын дизель түлш болон автобензины 80 хувийн хэрэглээг хангахаар тооцсон гэв. Нэгж бүтээгдэхүүний өртөг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 25 орчим хувиар хямд байх тооцоолол байгаа аж. Гишүүд бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниудыг оролцуулах бололцооны талаар тодруулсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа бүх төслийн бүх ерөнхий гүйцэтгэгч, гэрээлэгч нь БНЭУ-ын буюу тус улсад бүртгэлтэй компани байхаар заасан байдаг байна. Харин Энэтхэгийн болон Энэтхэгийн бус бараа, ажил, үйлчилгээний харьцаа 75:25 гэж байсныг 2019 онд 65:35 болгосон байна. Одоо энэ харьцааг 55:45 болгохоор холбогдох талуудад хүсэлтээ хүргүүлээд байгаа гэв.