Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. Энэ хугацаанд УИХ-ын 57 гишүүн хуралдаан огт таслаагүй, 19 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан, 30 гишүүн тодорхой хугацаагаар хоцролттой байна гэлээ. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулагдсанаас хойш өмнөх жилтэй харьцуулахад хоцролтын дундаж 54 минут орчим буюу 1 цаг байсан нь 7 минут болж буурсан. Цаашид хоцролтыг байхгүй болгож чуулган, байнгын хороодын хурлыг цагтаа эхэлдэг болгоход анхаарна гэв.
Дүрмийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн зорилгыг Улсын Их Хурлын гишүүний өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах, гишүүний бүрэн эрх, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэг, албан томилолт, шагнал, бэлэг дурсгал, сонгуулийн сурталчилгаа зэрэг ёс зүйн шаардлагуудыг биелүүлэх үүрэгтэй байхаар тусгасан байна.
Улсын Их Хурлаас 2009 онд батлагдсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд гурван удаагийн Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдэд үйлчилж ирсэн ба дүрмийн бүтэц нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төсөл нь 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулагдсан гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: