Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд уг хууль нь 6 бүлэг, 29 зүйлтэй. Хууль хэрэгжээд 12 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч хуулийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үнэлгээний асуудлыг хөндсөн бусад хуулиудын хоорондын уялдааг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эсхүл зохицуулалт дутуугаас хэрэгжих боломжгүй олон заалтуудыг залруулах, хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хөрөнгийн үнэлгээний харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Эл асуудлыг шийдвэрлэж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан юм.
Тус хуулиар Хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Эл хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж, төслийг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ “Газар, үл хөдлөх, хөдлөх, биет бус бүх хөрөнгийг бодитой үнэлэх замаар төрд өндөр үнэлж шахаа хийдэг, эсхүл төрийн өмчийг хямд үнэлж хулгай хийдэг явдлыг халахад энэ шинэтгэл чиглэж байгаа болно. Мөн далд эдийн засгийг ил болгож, манай эдийн засгийн суурь баазыг тэлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь урьд нь бодит биш, үнэлдэггүй байсан олон хөрөнгүүдээ Монгол Улс үнэлж бүртгэж эхлэх үүдийг нээж байна” гэдгийг онцолсон юм.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах асуудлуудыг тусгасан.
УИХ-ын нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн, дадлага туршлагатай хүн хийх ёстой гэдгийг онцолж байсан. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээчдийн холбоог өөрийн удирдлагад нь өгөх нь зөв гэж үзэж байв.
Эх сурвалж: