УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл тус хуулийн төслийн ТББХ-ны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй дараах зүйлийг тусгажээ. Үүнд:
- Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл;
- Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг уүсгэх байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар;
- Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг;
- Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зохицуулалт;
- Хуулийн төслийн тавдугаар бүлэгт улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар;
Хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзжээ.