Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
Бүгд Найрамдах Франц Улс бол бидний гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тогтолцооны шинэчлэлийн дүнд байгуулагдсан хамтарсан засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг их сэргэлтийн авчрах эхлэл цэг, эхлэл цан болж чадна гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс хийж чадлаа.
Энэ төслийг хэрэгжүүлснээр монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд Орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжин 44 сая ам.доллар шилжүүлж орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу уг төсөл ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн санд шууд төвлөрч эхлэхээрээ онцлогтой юм.
Эх сурвалж: