
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.

Үнэнийг хэлэх зоригийг хамгаалах нь
Авлигын эсрэг бодлого ярихаар бид ихэвчлэн “хууль чангаруулах”, “хяналт сайжруулах” тухай ярьдаг. Гэтэл бодит амьдрал дээр авлигыг хамгийн түрүүнд мэддэг хүн нь ихэнхдээ систем дотор ажиллаж байгаа жирийн албан хаагч байдаг. Тэр хүн мэдээлэх зориг гаргахгүй байвал ямар ч сайн хууль бодит үр дүнд хүрдэггүй. Жишээ нь, нэг төрийн байгууллагад ажилладаг мэргэжилтэн тендерийн будлианыг олж харлаа гэж бодъё. Тэр хүн мэдээлбэл ажлаа алдах, дарамтад орох, бүр цаашлаад мэргэжлийн карьераа алдах эрсдэлтэй. Харин мэдээлэхгүй бол авлига үргэлжилсээр л байна. Ийм нөхцөлд “чимээгүй байх” нь хувь хүнд илүү аюулгүй сонголт болж хувирдаг. Энэ бол манай тогтолцооны бодит сул тал юм. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн улсын хувьд авлигын талаар мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Мөн Алсын хараа-2050 болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр-т энэ асуудлыг тодорхой тусгасан байдаг. Гэвч өнөөдөр бодит амьдрал дээр мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо сул, зарим тохиолдолд бараг байхгүйтэй адил байна. Иймд дараах саналыг дэвшүүлж байна: Нэгдүгээрт, шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан, цогц хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Энэ хууль нь зөвхөн төрийн албан хаагч бус, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хүрээг хамарсан байх ёстой. Хоёрдугаарт, мэдээлэгчийг бодитоор хамгаалах механизм хэрэгтэй. Зөвхөн “хамгаална” гэж тунхаглахаас илүү, ажлаас халахыг хориглох, нууцлалыг чанд хадгалах, шаардлагатай бол хамгаалалтын тусгай арга хэмжээ авах хүртэлх тодорхой зохицуулалтыг хуульчлах нь чухал. Гуравдугаарт, авлигын мэдээлэл хүлээн авах, шалгах нэгдсэн, итгэл төрүүлэхүйц сувгийг бий болгох хэрэгтэй. Иргэн мэдээлэл өгсөн бол түүнийх нь хувь заяа тодорхойгүй алга болдог биш, тодорхой хугацаанд шалгагдаж, хариу өгдөг систем байх ёстой. Дөрөвдүгээрт, мэдээлэгчийг зөвхөн хамгаалахаас гадна дэмжих хэрэгтэй. Зарим улс оронд мэдээллийн үр дүнд төрд учрах хохирлыг бууруулсан тохиолдолд урамшуулал олгодог. Энэ нь “эрсдэл үүрсэн хүнийг үнэлдэг” шударга зарчим юм. Эцэст нь хэлэхэд, авлигатай тэмцэх хамгийн хүчтэй зэвсэг бол айхгүйгээр үнэнийг хэлдэг иргэн юм. Харин тэр иргэнийг хамгаалахгүй бол бид авлигатай тэмцэнэ гэж яриад ч бодит өөрчлөлт гаргах боломжгүй. Тиймээс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зөвхөн нэг хууль батлах асуудал биш, харин шударга нийгэм байгуулах үндсэн нөхцөл гэж үзэж байна. Баярлалаа.

Шүгэл үлээгчийн мэдээллийг нийтийн эрх ашгийн нэхэмжлэлтэй холбох зохицуулалт огт тусгагдаагүй нь хуулийн төслийн том сул тал!
Шүгэл үлээгчийн мэдээллийг нийтийн эрх ашгийн нэхэмжлэлтэй холбох зохицуулалт огт тусгагдаагүй нь хуулийн төслийн хамгийн том сул тал гэж үзэж болно. Тиймээс одоогийн хуулийн төсөлд "шүгэл үлээгч"-ийн өгсөн мэдээллийг шүүхийн шатанд бодит үр дагаварт хүрэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах процесст нотлох баримтын эх сурвалж болгон ашиглах тухай зохицуулалтыг тусгах нь ач холбогдолтой юм.
Түдэй Монголд Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл
Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэг хүлээсэн билээ. 1.Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 92-т “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар хамтран боловсруулж, Засгийн газар өргөн барихаар заасан. 2.2021 оны 11 дүгээр сарын 11 ний өдөр Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдыг УИХ-д өргөн мэдүүлсэн. 3.2022 оны 10 дугаар сарын 12 ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. 4.2022 оны 10 дугаар сарын 20 ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. 5.Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын гишүүн хэсэг байгуулагдаж ахлагчаар УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ажилласан. 6.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.3, 5.1.8, 6.4.3, 9.5.2, 10.1.2 тус тус шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр заасан. 7.УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05 ны 106 захирамжаар “Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг томилж 2024 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгасан боловч өнөөдрийн байдлаар өргөн бариагүй байна. 8. Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2026 оны хаврын ээлжит чуулганаар 20 орчим хуулийн төслийг Улсын их хуралд өргөн барихаар төлөвлөсний нэг нь Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл бөгөөд 1-р сард хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг хийж санал авсан. Мөн 3-р сарын 25-нд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Гэвч Г.Занданшатарын засаг солигдон овоо хөдөлж эхэлсэн хуулийн төсөл ахиад л хаана яваа нь мэдэгдэхгүй гацаанд оров. Одоо Н.Учрал сайдын засгийн үед энэ хуулийн төсөл гацах уу? хөдлөх үү?
Шүгэл үлээгчид учрах эрсдэл өргөн хүрээтэйг хуульд хэрхэн тодорхойлсон бэ
Хуулийн төсөлд "шүгэл үлээгчийн эрсдэл, эрсдлийн үнэлгээ"-ний талаар тодорхой бус байна! Шүгэл үлээх нь нийтийн эрх ашигт чиглэсэн, баримтаар баталгаажсан байх нь хамгийн энгийн шаардлага. Энэ асуудлаар хууль эрх зүйн орчины зохицуулалт яригдсаар байгаа ч ахицгүй, бодит үр дүн байхгүй байгаа нь улс төрчдийн олон талын эрх ашиг, ашиг сонирхол асар ихээр хөндөгдөх учир тэд зүтгэхгүй мэдээж. Эрх зүйт төрийн ажил хэрэг нэгэнт батлагдсан хууль эрх зүйн актыг мөрдөхгүй байгаан улмаас асуудал хөндөх буюу шүгэл үлээх шаардлага төрд хамгийн ихээр тулгарч буй. Шүгэл үлээсэн буюу өөрийн кэйсээс хэсгийг энд тэмдэглэе. Миний бие банкны эдийн засагч, нягтлан мэргэжилтэй бөгөөд банк, санхүүгийн чиглэлээр 21 жил дээд боловсролын сургалтад оролцсон. 2010-д оноос төрийн санхүүгийн хяналтын чиглэлээр судалгаа хийж байгаад энэ сэдвийн талаар хэвлэлээс мэдэж, 2020.11.27-2022.09.12 хугацаанд БЗСанд гадаад зээлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажилласанээр ажиллахдаа тухайн үеийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд АСУУДАЛ ХӨНДӨЖ, дээд шатны байгууллага болох БСШУЯ-наас ЗГ хүртэл "хууль бус шийдвэр хэрэгжүүлэх боломжгүй" талаар хандаж байсан. Энэ үед дээд шатны аль ч удирлагаас "шүүмж, эсэргүүцлийн мөрөөр асуудлаа харж шийдвэрлэх" бус харин ч манийг олон янзаар дарамт шахалт үзүүлдэг байсан нь өнөөдөр ч ХЭВЭЭРЭЭ байна. Төрд ч, хувийн хэвшилд ижил байгаа болов уу - энэ ил далд дарамт, шахалт. Асуудал хөндөөд 2022.09-2024.09 сар хүртэл 2 жил, 2026.01-2026.05 сар хугацаанд хувийн хэвшилд ажиллах боломжгүй болтол нөхцөл бүрдэж: "сайд нарын эрх ашиг хөндсөн таныг ажилд авахаар дарамт шахалтад өртөх байх" гэх хувийн хэвшил.... Асуудал хөндсөн хэнд ч учирдаг хүндрэл: ажиллаж байхад удирдлагын шахалт, төрийн ажил хэрэг дэх эс үйлдэхүй, хамт олны ялгавлан гадуурхлалт хэвийн ажиллах боломжийг хааж, сэтгэл зүйн хүндрэл учруулдаг нь хөдөлмөрийн бүтээмжид сөрөг төдийгүй, алдаа мадаг гарах нөхцөл бий болгоно. Монгол улс хүн ам цөөн, ажилласан салбар хязгаарлагдмал нөхцөлд ажлаас гарсан ч төрийн байгуулага, түүний удирдлага бүрдүүлж хувийн хэвшлийг элдэвээр дарамтлах байдлаар шүгэл үлээгчийг нийгэмд хөл тавихад таагүй нөхцөлийг бүрдүүлдэг нь өнөөдөр оршсоор байна. Үүний улмаас шүгэл үлээгч зөвхөн ажилгүй болох түүний гэр бүл, эргэн тойрныхон тэр чигтээ төрийн элдэв шахалтад өртөж, шүгэл үлсээн хүн нь эрүүл мэнд, сэтгэл зүйн асар их хохиролд өртдөг. Түүгээр ч зогсохгүй нийгмийн зүгээс ирэх эерэг сөрөг хандлага тухайн хүнийг хаа ч тайван алхах нөхцөлгүй болгодог нь хамгийн том эрсдэл. Асуудал хөндөх буюу хууль журам мөрдөгдөхгүй улмаас нийтийн эрх ашгийг олон янзаар хөндөж байгаа учир өөндрийн хоолны төлөө дуугүй суух нь ирээдүй рүү нулимж буй хэрэг. Тухайлбал, БЗСангийн асуудалд эрх мэдэл албан тушаалаа ашиглаад журмаа зөрчин гадаадад суралцаж ирээд өнөөдөр "төр, хувийн хэвшлийн алинд ч сүлжээ болон авлига ашиг сонирхолоороо нэгдсэн байх нь түгээмэл". Энэ нь одоогийн залуусын суралцах боломжийг хязгаарласан төдий бус нийгмийн хамгийг их хүсэмжилдэг ШУДАРГА ЁС байхгүйд учир шалтгаан оршиж байна. Иймд тус хуулийн төсөл "шүгэл үлээгчийн эрсдэл, эрсдлийн үнэлгээ"-ний талаар тодорхой бус байгаа. ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ болон бусад эрх зүйн актаар зохицуулсан ч хангалтгүй байгааг харгалзах шаардлагатай байгаа.

мэдээлэгчийг хамгаалах талаар тусгасан ч тэдэнд хууль зүйн бодит дэмжлэг үзүүлэх институцийн механизм тодорхойгүй байна!
Одоогийн төсөлд мэдээлэгчийг хамгаалах талаар тусгасан боловч тэдэнд хууль зүйн бодит дэмжлэг үзүүлэх институцийн механизм тодорхойгүй байна. Иймд "Шүгэл үлээгч"-ийг үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаагаар хангах, хуульчдын оролцоог институцчлах, улмаар мэдээллийг нийтийн эрх ашгийн хэрэг болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх буюу хуульчийн пробоно үйл ажиллагаатай уялдуулж болохоор байгаа. Эцэст нь хуулийн төсөлд дээрхи зохицуулалтыг тусгах нь Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль нь зөвхөн хамгаалалтын шинжтэй, авлигыг илрүүлэх зохицуулалт байхаас давж, мэдээллийг бодитой ашиглах, эрсдэлийг эрт илрүүлэх, хариуцлага тооцох, компанийн засаглалыг сайжруулах, улмаар БОНЗ-ийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх цогц механизм болж хөгжих боломжтой. Өөрөөр хэлбэл, уг хууль нь авлигын эсрэг тэмцлийн хүрээнээс давж, тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн орчныг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой эрх зүйн хэрэгсэл болох нөхцөл бүрдэнэ.

Шүгэл үлээгчийн мэдээлэл нь үр дүнтэй дотоод эх сурвалж болдог!
Орчин үеийн хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд ESG үзүүлэлтүүд нь шийдвэр гаргалтын үндсэн шалгуур болж байгаа бөгөөд шүгэл үлээгчийн мэдээлэл нь эдгээр эрсдэлийг илрүүлэх хамгийн үр дүнтэй дотоод эх сурвалж байдаг. Манай улсын хувьд бизнесийн салбарт Компанийн засаглалын кодекс, баталж, БОНЗ-ын үнэлгээний тайланг гаргадаг тогтолцоо бий болж байна.

Одоогийн хуулийн төслийн хамрах хүрээ нь авлигын шинжтэй зөрчилд түлхүү төвлөрсөн байна!
Одоогийн хуулийн төслийн хамрах хүрээ нь авлигын шинжтэй зөрчилд түлхүү төвлөрсөн байгаа нь олон улсын чиг хандлага буюу санхүүгийн зөрчил, байгаль орчны зөрчил, хүний эрхийн зөрчил, түүнчлэн нийтийн ашиг сонирхолд ноцтой нөлөөлөх аливаа үйлдлийг илрүүлэх чухал хэрэгсэл болж болох боломжийг алдаж байна!

Хуулийн төслийг ESG, компанийн засаглал, нийтийн эрх ашгийн механизмтай уялдуулбал авлигын эсрэг + засаглалын шинэ үеийн цогц хууль болно.
“Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг хэлэлцэх явцад АНХААРАХ НЭГ ЧУХАЛ АСУУДАЛ НЬ энэхүү хууль зөвхөн мэдээлэгчийг хамгаалах хүрээнд хязгаарлагдах бус, "шүгэл үлээгч"-ийн өгсөн мэдээллийг бодит үр дүнд хүргэх, өөрөөр хэлбэл хариуцлага тооцох, засаглалыг сайжруулах, нийтийн эрх ашгийг хамгаалах цогц механизм болгох явдал юм. Одоогийн төслийн хувьд шүгэл үлээгчийн тодорхойлолт, мэдээлэх суваг, нууцлал, өшөө авалтаас хамгаалах, урамшуулах зэрэг суурь зохицуулалтыг тусгасан боловч эдгээрийг компанийн засаглал, БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал), нийтийн эрх ашгийн шүүхийн хамгаалалттай уялдуулах хэсэг хангалтгүй тусгагдсан гэж үзэж байна.