Орхон аймгийн ахмадуудыг нэмэлт орлого олох, эрүүл ногоог хүнсэндээ хэрэглэхэд дэмжлэг үзүүлж, 6х20 хэмжээтэй хүлэмж, тог цахилгаан, усалгааны системийг бүрэн шийдвэрлэсэн хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжийг олгоно.
Тус ажилд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат дэмжлэг үзүүлж Узбекстан улсаас сургагч багшийг урьж авчран, ахмадуудыг чадавхжуулах боломжийг судалж ажиллахаар боллоо.

Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалт Оюут, Уурхайчин багт үргэлжилж байна. Энэ үеэр иргэдээс:
- Ахмадуудын нийгмийн баталгааг сайжруулах, орлого олох боломжоор хангах
- Соёлын биет бус өв тээгчдийг дэмжих
- Тендерээр шалгаруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, хямд өртгөөр чанаргүй барилга барьдаг асуудлыг зогсоох
- Худалдан авалтын бодлогод ААН-ээс гадна хувь хүн оролцдог боломжийг нээж өгөх
- Шинээр ашиглалтад орсон “Гранд гарден” хотхоны зарагдсан байрны талбай дутуу, олон айл өрхүүд хохирч байгаа асуудалд анхаарал хандуулах
- Орхон аймгийн хот доторх замыг засах
- Боловсрол, эрүүл мэндийн салбарын чадварлаг боловсон хүчинг орон нутагтаа татах, авч үлдэхэд бодлогоор дэмжих
- Чанаргүй импортын бараа бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлах
- Спортын өндөр амжилт үзүүлж, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлдэг эрхзүйн тогтолцоог бий болгох
- Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж, иргэдийн үүрч буй ачааг бууруулах
- Хүндэт доноруудад үзүүлж буй дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаа ярьж байлаа.
Иргэдийн зөрүүтэй зарим ойлголтод бодит хариултыг өгч, хууль эрхзүйн хүрээнд шинэчлэх шаардлагатай бодлогын шинэчлэлтэд иргэдийн саналыг тусгаж ажиллахаа илэрхийллээ.