Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3-т хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах тохиолдлын нэг нь “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа” гэж заасан нь шалгалтад орох хуульчийн эрхийг зөрчиж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэж буй учраас уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг онцлов.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг
Өмгөөллийн тухай хуулинд өмгөөлөгчийн шалгалт өгөх хүн өмгөөлөгчөөр ажиллахад харшлах албан тушаалаа заавал өгч байж шалгалтаа өгнө гэсэн заалт бий. Тухайн өмгөөлөгч шалгалтад ороод ямар хариу гарах нь тодорхойгүй байж эрхэлж байгаа ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдчихөөд шалгалтад орох нь хүний эрхийн зөрчил үүсгэж байна гэж үзсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
2022 онд ҮХЦ дүгнэлт гаргасан. Наймдугаар зүйлийн 8.6.3 дахь заалт ҮХ-д заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэжээ. Зарчмын хувьд энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Мөн 2023 онд нийт 283 хуульч шалгалтад бүртгүүлэх хүсэлт гаргаснаас 45 хүний бүртгэлийг дээрх заалтад үндэслэн хүлээж аваагүй байна. Өмгөөллийн тухай хуулийг цогц байдлаар шинэчлэх шаардлагатай эсэх, мөн өмгөөлөгчийн эрх зүйн баталгаа хэр хангагдаж байгаа талаар тодрууллаа. Түүнчлэн, зарим төрлийн гэмт хэрэг дээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаад сүүлдээ өөрөө яллагдагч, гэмт хэрэгтэн болох тохиолдлууд байдаг.
УИХ-ын гишүүн Б.Уянга
Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3дахь заалтыг хүчингүй болгоё гэж байна. 2022 оны Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ заалтыг үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. 2025 оны 09 сарын 04 нд энэ асуудлаар их суудал хэлэлцэнэ гээд тогтсон байхад гишүүд бид нар энэ зүйл заалтыг авчихаж болох уу? Тиймээс Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг хүлээх ёстой гэж бодож байна.
Эх сурвалж: