Хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзаж, эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Улаанбаатар хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байна.

Бээжин хотын дарга Ин Юн "Бээжинд орсон аадрын улмаас зарим гүүрийг түр хугацаанд хаасан. Өнгөрсөн хоёр хоног холбогдох албаныхан амралтгүй ажиллалаа. Бээжингийн автомашины тоо 7 сая давсан, бид одоо ч түгжрэлээ бүрэн шийдэж чадаагүй байгаа. Оргил цагуудаар түгжрэл их байдаг. Түүнчлэн автомашинаас гарч байгаа бохирдол Бээжингийн агаарын бохирдлын 50 хувийг бүрдүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн төлөвлөлтөө шинэчлэх, цаашлаад түгжрэлийг бууруулах хүрээнд замын байгууламжийг нэмэгдүүлэх, камерын хяналтын төвийг сайжруулах, зам тээвэрт АI технологийг хөгжүүлж эхэлж байна" гэдгийг онцолж байна.

Улаанбаатар болон Бээжин хот 2014 онд ах, дүүгийн харилцаа тогтоож байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар боллоо.