Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийн даргаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ажиллаж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Гаалийн ерөнхий газарт хяналт шалгалт хийх хугацаатай үүрэг өгсөн.
Өгсөн үүргийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Замын-Үүд дэх гаалийн газарт шалгалт хийлээ.

Бараа бүтээгдэхүүнээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах лабораториудын үйл ажиллагаа болон ухаалаг гарцын байгууламжийн хэвийн ажиллагаа, системийн уялдаа холбоо, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаа, гаалийн газрын албан хаагчдын чиг үүргийн хувaарилалт, зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын үр дүнг ажлын хэсэгт танилцуулж, худалдаа, тээвэр эхлэгчдэд тулгарч буй саад, хоригийг бууруулах, бараа эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж зохих арга хэмжээг авна.
2024 оны байдлаар Замын Үүд боомтоор Монгол Улсын импортын 52%, экспортын 20% нь дамждаг.

Тус боомтоор хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 2024 оны мэдээллийг 2023 онтой харьцуулан үзэхэд экспорт 8 хувиар буурсан буюу 258 сая ам.доллараар, импорт 32 хувиар өссөн буюу 1.4 тэрбум ам.доллараар, нийт бараа эргэлт 15 хувиар өссөн буюу 1.2 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна.