Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын түүхт 100 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Цаст хайрхан Цамбагараваа түшин, Ховд гол, рашаан булгуудаар ундаалан, үзэсгэлэнт сайхан байгаль эхээ онгон дагшнаар нь хадгалан, газар тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн аж төрж буй казах, урианхай ахан дүүстэйгээ баярт мөчөө хуваалцлаа.

Алтанцөгц сум нь 1925 онд Алтанцөгц нуурын хөвөөнд 120 өрх, 70 мянган мал, хагас мянга гаруй хүнтэй анхны сум байгуулагдаж байжээ.

Түүнээс хойш Манжийн үеийн Мээрингийн хошуу, Автономитын үеийн Зүтгэлт гүний хошуу, Урианхайн долоон хошууны чуулганы түүхэн хэлэлцээнүүд, Ардын засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр дамжин, 1940 онд Баян-Өлгий аймгийн бүрэлдэхүүнд орж байсан түүхтэй билээ.

Тус сумаас улс төр, нийгэм, соёл, шинжлэх ухааны салбарын олон зүтгэлтнүүд төрөн гарч байв.
Энэ сайхан нутагтай, аж амьдрал сэтгэл зүрхээрээ холбоотой Та бүхэнд түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!