Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн 66 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаанд /2025.07.12/ Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотоос ирж оролцов.

Энэхүү хатуу хучилттай зам бүрэн ашиглалтад орсноор
Нэгт, Даянгийн боомт руу холбогдож боомтын үйл ажиллагаа жигдэрснээр Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх, экспорт, импортын олон улсын тээвэр ложистикийн нэг гарц болох
Хоёрт, Алтай таван богд, Хотон нуур, Хурган нуур чиглэлийн байгалийн цогцолборт газар руу жуулчид аялагчдын аятай тухтай аялах дэд бүтэц болж бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх
Гуравт, Сагсай, Улаанхус, Цэнгэл гэсэн гурван сумын нийт 27000 орчим иргэдийн нийгмийн дэд бүтэц сайжирч, ажил орлогод нь шууд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир Баян-Өлгий аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үргэлж гар бие оролцож, бодлогын түвшинд хөрөнгө оруулалтын санал санаачлага гарган, бусад багийнхаа гишүүдийн хамт аймаг орон нутгийнхаа нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах тал дээр идэвхийлэн ажиллаж байна.
Дээрх хатуу хучилттай замын улсын төсвийн хөрөнгө оруулалт нь Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалт болох юм.