Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох албаныхантай 2026 оны төсөвт хүргэх төсөл арга хэмжээний санал, аймгийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан /2025.07.21/ уулзалт хийлээ.

Аймгийн Засаг даргын зүгээс улсын төсвөөр он дамжин үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон шинэ төсөл арга хэмжээний саналыг танилцуулж тулгамдаж буй асуудлаа дэвшүүллээ. Тухайлбал, Дулааны станцын барилгын зогсолт, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Жинстийн Овоо” ХХК-ийн усжуулалтын ажил, Дадал суманд баригдаж буй “Чингис хаан” цогцолборын ажлыг шуурхайлах асуудлаар аймгийн зүгээс санал хүргэлээ. Уулзалтын үр дүнд:
1. Хэрлэн сум –Чингис хотод хэрэгжиж буй гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажилд Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвөөр хяналт хийлгэх, салбарын сайдын оролцоотойгоор шаардлагатай асуудлыг шийдвэрлэх,
2. Чингис хотын үерийн далан болон хот доторх ус зайлуулах байгууламжид хяналт тавих
3. Зураг, ТЭЗҮ-тэй төслөө цаг хугацаанд нь салбарын яамдад хүргэх,
4. Түүхэн дурсгалт газар болон Батширээт, Баян-Овоо сумд руу чиглэсэн авто зам шинээр барих ажлын зураг төслийг боловсруулах,
5. Бор-Өндөр – Хэрлэн чиглэлийн авто зам, 3 суманд шинээр баригдаж буй иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн төсвийг үргэлжлүүлэн тусгахад анхаарах, Засгийн газарт уламжилж буй ажил, төсөл арга хэмжээг төсөвт тусгуулах ажилд хамтран ажиллах
6. Гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбогдох айл өрхүүдийн судалгааг шинэчилж, Арилжааны банкнуудын ногоон зээлийн бүтээгдэхүүнийг судалж, зуучлах гэх мэт олон асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар боллоо.
Хэнтий аймгийн хувьд ирэх жилийн төсөвт Хэрлэн суманд 960 хүүхдийн суудалтай ЕБС-ийн барилга, Хүүхэд залуучуудын төв, Хэрлэн сумын авто замыг шинэчлэх, авто замаа шинээр нэмэгдүүлэх, цэвэр усны усан хангамжаа нэмэгдүүлэх гэх мэт онцлог ажлуудыг уламжлахаар болоод байна.