3 мин унших
ЖЕНЕВ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ПАРЛАМЕНТЫН ДАРГА НАРЫН ДЭЛХИЙН 6 ДУГААР БАГА ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сэтгүүлч Info
Одоохон...
3 мин унших

Сэтгүүлч Info
Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 6-р бага хурал 2025 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Женев хотноо болж өнгөрлөө.

Тус бага хуралд дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.
Тухайлбал,
Талцал хуваагдал газар авч буй цаг үед парламент дахь эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо;
Амар амгалан ирээдүй, энх тайвныг цогцлоохын тулд шинэлэг шийдлийг олох;
2030 он гэхэд ТХЗ-д хүрэхийн тулд шинэлэг боломжийг эрэлхийлэх;
Цахим ирээдүйг бүтээхэд парламентад гүйцэтгэх үүрэг;
Ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц арга хэмжээ авах зэрэг таван салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав.
Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал 6-р бага хурлын анхаарлын төвд байв.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нар түнш орнуудын парламентын дарга нар, ОУПХ-ын удирдлагын түвшинд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Канад Улс, Казахстан Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын дарга нар болон ОУПХ-ын Ерөнхийлөгч Тулия Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нартай албан ёсны уулзалт хийв.
Монгол Улс бүс нутгийн идэвхтэй тоглогчийн байр сууриа хадгалж, эдгээр улс оронтой хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ярилцав.

Түүнчлэн, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал санамж бичгийн үйлчлэлийг 2028 он хүртэл сунгаж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд туссан зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үндэс бүрдэж байна.
Ийнхүү энэ удаагийн Олон улсын парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурлаас энх тайван, шударга ёс, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглалыг тодорхойлсон Тунхаглал батлагдлаа. Энэхүү Тунхаглалаар парламентууд энх тайвны үйл явцыг бэхжүүлэх талаар үүрэг хүлээж, түүнийг хууль тогтоомждоо тусгаж, биелэлтийг бодит үр дүнд хүргэх үүрэг амлалт авч байна.