#Коммент2 мин унших
Д.Ганмаа: Янжуур болон цахилгаан тамхи аль аль нь эрүүл мэндэд хортой!

Өнөөдөр Монголд электрон тамхийг насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл өргөнөөр хэрэглэж байгаа нь ноцтой асуудал юм.
Гэтэл энэ бүтээгдэхүүн Тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй, “электрон бараа” нэрээр чөлөөтэй импортоор орж ирж буй нь хууль эрх зүйн зохицуулалт дутагдаж байгааг тод харуулж байна!
ДЭМБ-ын 2023 оны судалгаагаар 5 хүүхэд тутмын 1 нь янжуур тамхи татдаг, 4 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи татдаг гэсэн судалгаа бий. 2025 оны судалгаагаар энэ тоо огцом өсөж хүүхдүүдийн 60% нь электрон тамхи татаж үзсэн, 33% нь байнга татдаг болсон.
Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа тамхидалт, тамхинд донтолтоороо долоодугаар байрт жагсаж байна. Мөн тамхинаас үүдэлтэй нас баралт дээгүүр байр эзэлж байна. Жил бүр 4300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байна гэсэн тооцоолол бий. 4300 гэдэг бол 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо
Тэгвэл Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг О. Номинчимэг, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Ө.Шижир, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд гишүүдийн хамтаар санаачилж, намрын чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.
Уг хууль батлагдсанаар:
Электрон тамхийг хууль эрх зүйн хүрээнд янжуур тамхитай адил ангилж, хяналттай болгох.
Бүх төрлийн тамхины татварыг нэмэгдүүлж, хүүхэд залууст хүрэх хүртээмжийг бууруулах боломж бүрдэх юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэлэхдээ,
"Эрүүл мэндийн салбарын хүмүүсийн санаа чилээдэг эрсдэлт хүчин зүйлсийн нэг нь тамхи болон бусад шинэ тутам гарч буй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ байдаг. Тамхи эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй: хорт хавдар, зүрх судасны өвчин, харвалт, архаг уушгины өвчний гол шалтгаан. Цахилгаан тамхи хэрэглэгчийг химийн бодис, никотин, бичил тоосонцроор хордуулж уушги, зүрхэнд муугаар нөлөөлнө. Хүүхэд, залуучуудын тархи хөгжих явцад сөрөг нөлөө байна. Мөн тамхи, цахилгаан тамхи аль алинд нь ашиг сонирхлын бүлэглэлүүд, хүчтэй лобби, бодлого төлөвлөлттэй кампанит ажил явуулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Иймээс тамхи ба цахилгаан тамхийг харьцуулж “аль нь илүү, дутуу хор хөнөөлтэй вэ?” гэхээсээ илүү хоёулаа хортой гэдгийг ойлгож, зохих цогц арга хэмжээг авах ёстой юм. Хамгийн зөв сонголт бол аль алиныг нь хэрэглэхгүй байх. Тамхи ч, цахилгаан тамхи ч эрүүл мэндэд хор хөнөөлтэй.
Зарим хорт бодис (TSNA, NNN гэх мэт) цахилгаан тамхинд энгийн тамхинаас бага хэмжээгээр агуулагддаг нь үнэн. Гэхдээ “бага” гэдэг нь аюулгүй гэсэн үг огт биш. Харин насанд хүрэгчид архаг тамхичдыг тамхинаас гаргахад цахилгаан тамхи тодорхой хэмжээгээр тустай гэсэн судалгаанууд бий. Гэвч тамхи татаж үзээгүй хүүхэд, залуус амт, үнэр, сониуч зангаас болж цахилгаан тамхинд татагдаж, эцэстээ тамхидалт руу орох эрсдэлтэй -энэ бол том аюул"гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



