Үйл явдал2 мин унших
ТБХ: Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан (2025.09.16) 13 цаг 52 минутад 58.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул хуралдаан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийн талаар хэлэлцүүлсэн юм.

-“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ.
-Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
-“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо.
-“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын мэдээллийг сонслоо.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Баясгалан, Г.Ганбаатар, Ж.Алдаржавхлан, Н.Алтанхуяг, Г.Ганхуяг, Р.Батболд, Б.Заяабал, Д.Батбаяр, Ж.Батжаргал, П.Ганзориг, Н.Учрал, Ж.Батсуурь, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг явуулах нь адармаатай байгааг дурдаад хуурамч шатахууныг хориглож, үйлдвэрлэлийг нь хязгаарлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн өмнө нь энэ хууль батлагдаад Үндсэн хуулийн цэц холбогдох шийдвэрээ гаргаад Улсын Их Хурал нь хүлээн авч, хүчингүй болгосон нөхцөлд дахин шинээр өргөн мэдүүлээд хэлэлцүүлэх гэж байгаа тул энэ нь хууль зөрчих эсэх талаар Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн зөвлөмж гаргуулах нь зүйтэй гэсэн санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
